“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Улс төрийн хүрээнд, ер нь нийтийн дунд “Эрх баригч МАН дотроо зөрчилтэй байна” гээд байгаа ч сөрөг хүчин АН-ынхан түүнээс хүндхэн зөрчилтэй байна.

Угаасаа, АН-ынхан эрх барьсан ч, сөрөг хүчний байр суурь очсон ч, тэр бүү хэл сонгуульд ялагдсан ч хоорондоо зөрчилдсөөр байдаг онцлогтой. Энэ нь анхнаасаа “Ардчилал” хэмээх ганц чигтэй ч өөр өөр зорилгоор байгуулагдсан таван нам 2000 нийлж, АН-ын байгуулсантай холбоотой. Ерөнхийдөө, АН-ын олон фракц, бүлэглэлүүд тамга тэмдэг, эрх мэдлийн төлөө талцаж, намын үндсэн зорилгоо алдагдуулсаар ирсэн. Улмаар, бодлого нь тогтворгүй болж, сонгогчдын итгэлийг алддаг. Өөрөөр хэлбэл, тус намын дотоод зөрчил нь нийт нийгэм дэх ардчиллын үнэт зүйлийг бүдгэрүүлж, олон нийтийг залхаадаг. Энэ утгаараа, АН сонгуульд ялагдаад байдгийн гол шалтгаан нь энэ гэхэд болно.

Харин 2024 оны сонгуулиас ердөө хоёр жилийн өмнө нэгэн тамга, нэгэн даргын дор цуглацгаасан. Үүнийхээ хүчинд өдгөө УИХ-д 42 суудалтай болсон юм. Сонгуулийн дараа МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан ч МАН-ын шийдвэрээр 2025 оны зургаадугаар сард Засгийн газраас гарсан. Үүнээс хойш АН дан ганц сөрөг хүчний байр суурь дээр байна. АН нэгэнт Засгийн газарт хамааралгүй болсноор намын удирдлагаа өөрчилж, дүрмийн хамт Дээд шүүхэд бүртгүүлж авсан. 

Харин сүүлийн үед АН-ын дотоод асуудал “хэвийн бус ардчилал”-ын хэмжээнд очжээ. Учир нь, АН доторх “Хонгилынхон” хэмээх фракцад харьяалагддаг нөхдүүд сүүлийн үед ихэд хөдөлгөөн оржээ. “Хонгилынхон” гэдэг АНУ-д 2019 оноос хойш амьдарч байгаад долоодугаар сарын 5-нд Монголд ирсэн Ц.Элбэгдорж нарыг хэлдэг. “Хонгилынхон” гэдэг нь орчин үеийн монгол хэлний үгсийн санд багтаж, ямар нэг хаалт хашилтгүйгээр шууд ойлгогддог болтлоо олон нийтийн тархинд хоногшсон. Өөрөөр хэлбэл, “Хонгилынхон” буюу “Шударга бусын хонгилынхон” гэдэг нь Монголын улс төр, нийгмийн хүрээнд хууль хяналтын байгууллагыг өөрсдийн явцуу ашиг сонирхол, улс төрийн зорилгодоо ашигладаг бүлэглэлийг нэрлэдэг албан бус хэллэг болсон. “Ийм бүлэглэлийг бүтээсэн” гэх нэр хочийг олон хүнээс авсан Ц.Элбэгдорж ирснийхээ дараахнаас буюу өнгөрсөн зуны наймдугаар сараас АН-ын дарга О.Цогтгэрэлд эхлээд нэгэн шаардлага тавьж, түүгээрээ шахалт үзүүлээд эхэлжээ.

Ийм мэдээлэл тухайн үед улс төрийн хүрээнд их яригдаж байв. Тодруулбал, О.Цогтгэрэлд нэг бус “Н.Алтанхуягийг л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй” хэмээх шаардлага тавьжээ. Тэр бүрт нь “Судалгаагаар нэр хүнд нь өндөр гараад байгаа шүү дээ. Тэгээд бас би биш, намын нөхөд шийднэ” гэдэг хариулт хэлсээр ирсэн байна. Улмаар, саяхнаас шаардлага нь шахалт болж хувирсан байгаа юм. Тэгэхдээ “Чи үгүй гэж байгаа бол АН-аа авч байгаад өөрийн хүнээ Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд дэвшүүлнэ, харж байгаарай” гэсэн байгаа юм. Түүнийхээ дараа Хотын дарга асан Э.Бат-Үүл дээр очоод “Чи Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшчих, би МАН-аас М.Энхболдыг гаргаад өгье. Тэгээд та хоёр тулчих. Хотын хоёр дарга асан нэр дэвшигчид өрсөлдлөө гэдэг дээр ажиллаад сонгуульд ороход чи ялна” гэж ятгасан байна. Э.Бат-Үүл саналыг нь хүлээж авалгүй “Би нэр дэвшихгүй, харин Н.Алтанхуягийг дэмжинэ гэж бодож байгаа. Нэр хүнд нь ч сайн байгаа. Ер нь тэгээд манай нам Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд ялъя гэвэл Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн нь зөв байх. Тэр л биш бол АН-д найдвар алга” гэжээ.

Ер нь бол, сүүлийн хоёр жилийн туршид судалгааны бараг бүх байгууллагын дүгнэлтээр Н.Алтанхуягийн рейтинг өндөр гараад байгаа нь үнэн юм. Хамгийн сүүлд л гэхэд, үндэсний санал бодлын сар тутмын “National Opinion” судалгааны наймдугаар сарын үр дүнгээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улстөрчдийн дундаас Н.Алтанхуяг, Г.Занданшатар нарын дэмжлэг бусдаасаа өндөр байгаа дүн гарчээ. Намуудын боломжит нэр дэвшигчдийг сонгуулийн хэлбэрээр харьцуулж үнэлүүлэхэд оролцогчдын 25.9 хувь нь Н.Алтанхуягийг, 24.1 хувь нь Г.Занданшатарыг дэмжжээ. Харин 38.8 хувь нь “Сонголтоо хараахан хийгээгүй” гэдгээ хэлсэн байна.

Мөн MEC судалгааны байгууллагаас 2026 оны наймдугаар сард 960 иргэнээс авсан судалгаагаар 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшвэл дэмжих эсэхийг тодруулжээ. Үр дүнд нь Н.Алтанхуяг 33, Б.Пүрэвдорж 18, Лу.Гантөмөр 15, С.Баярцогт есөн хувийн дэмжлэгтэй гарсан байдаг. Ингээд намынхан нь “Өө, болж байна шүү” гэчих нэр дэвшигч олоогүй болохоор О.Цогтгэрэлийг огцруулах арга хэмжээ рүү орсон байна. “Хонгилынхон”-ы хувьд эхлээд УИХ дахь АН-ын бүлгийг авч хүнээ тавина. Дараа нь АН-ын даргын албан тушаалаас буулгаж оронд Б.Пүрэвдоржийг суулгана. Цаашлаад Б.Пүрэвдоржийг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд сойхоор төлөвлөжээ. Ингэхдээ О.Цогтгэрэлийг АН-ын нэр бүхий гишүүдээр шахуулж байгаад өнөөх 40 гэл үү, 41 билүү гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайдыг огцруулах бичгийг энэ баасан гариг гэхэд УИХ-д өргөн бариулна. Мэдээж, УИХ-аар АН-ын саналыг хэлэлцээд Ерөнхий сайдыг огцруулалгүй авч үлдэнэ. Үүний дараа “АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын акцыг унагалаа. Тэр ажлаа хийж чадахгүй байна” гэж давалгаалаад сонгуульт албан тушаалуудаас нь ээлж дараалан буулгана. Ингэж төлөвлөжээ.

Товчхондоо, “Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” АН-д лав гүйгээд эхэлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.