Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихдаа олон улсын дэвшилтэт технологиудыг ашиглана

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихдаа олон улсын дэвшилтэт технологиудыг ашиглана

Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт, одоогийн байгаа станцаас баруун урд зүгт ойролцоогоор 400 метрийн зайд буюу ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд шинэ Дулааны тавдугаар цахилгаан станц баригдах бөгөөд цахилгаан станцын эзлэх нийт талбай нь 26.4 га байх юм. 

Дулааны тавдугаар цахилгаан станцад нүүрс шатаах нь технологийн хувьд орчин үеийн циклон халаалтын аргыг ашиглах бөгөөд энэ нь нүүрсийг илүү бүрэн шатааж, хаягдал хий буурахад нөлөөлдөг. Уур усны эргэлт, дулаан дамжуулалтын системийн автоматжуулалт нь орчин үеийн мэдрэгч, удирдлагын программ хангамжийн системд тулгуурлах бөгөөд операторууд нэгдсэн удирдлагын төвөөс бүхий л процессын үзүүлэлтийг цах тухайд нь хянах, тохируулах боломжтой байна.

Усны хэрэглээний хувьд, Дулааны тавдугаар цахилгаан станц нь уламжлалт усны хөргөлтийн системийг орхиж агаар хөргөлтийн технологи ашиглана. Энэ нь жилийн турш хэдэн сая куб метр ус хэмнэх бөгөөд Монголын хуурайшилт ихтэй цаг уурын нөхцөлд онцгой чухал ач холбогдолтой юм. Агаарын хөргөлтийн суурилуулалт нь өвлийн хүйтний улиралд нэмэлт тохируулга шаардахгүйгээр автоматаар ажиллана. Энэхүү дэвшилтэт технологи нь Монгол Улсын дулааны станцуудын хувьд шинэ стандарт тогтоохоор байгаа юм.

Үндсэн машины цех нь станцын гол байгууламж бөгөөд тэнд өндөр даралтад уур үүсгэгчид, турбингенараторуудад байрлана. Энэхүү цехийг температур, дуу чимээний тусгаарлалтын дэвшилтэт технологийн дагуу барьснаар ажилчдын ажлын нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ дулааны алдагдлыг мөн багасгана. Гол цехийн хажууд боловсруулалтын цех, засварын цех, оношилгооны лаборатори зэрэг дэд байгууламжууд байршихаар тооцсон байна.

ДЦС-5-д суурилуулах тоног төхөөрөмжийг олон улсын стандарт болон Монгол Улсын байгаль орчны нөхцөлд тохирсон байдлаар сонгосон нь төслийн техникийн хэсгийн гол онцлог юм. Монголын хахир хүйтэн өвлийн улирал, нүүрсний тоос болон хотын хэрэглээний онцлогт зохицуулан тохируулсан тоног төхөөрөмж нь тус станцын тасралтгүй, найдвартай ажиллагааны гол нөхцөл болно. 

Хаягдал усны дахин ашиглалтын систем нь станцын ус хэрэглээний нийт 30-40 хувийг хэмнэх боломжийг олгодог шинэ технологи байх юм. Станцад явагдах бүх процессын хаягдал усны биологийн болон химийн цэвэршүүлэлтийн шатуудыг дамжиж, дахин хэрэглээнд тохирсон чанартай болсноор процессын усны тодорхой хэсгийг орлох юм.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.