"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд нарт даалгажээ. 

Тухайлбал, ”Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажилд шаардлагатай санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл, хөтөлбөрт тусгах санал боловсруулах, арьс ширний үйлдвэрүүдийг тус паркт үйлдвэр барихад шаардлагатай хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжит хувилбарыг судлан 2026 оны гуравдугаар улиралд багтаан тус тус танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгав.

0c8037a9f48f485fb8693f7fe8f91bff

Мөн үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн газрын эзэмшил, ашиглалттай холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг боловсруулж, танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаас чиглэл болголоо.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 539 га газарт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгдсөн бөгөөд эхний үе шатанд 160 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээр 2028 онд ашиглалтад орж, жилд 7.5 сая арьс, шир, 3.0 мянган тонн ноос, 8.0 мянган тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай цогцолбор үйлдвэр байгуулагдан, экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийн тусгай бүс болон хөгжих суурь нөхцөл бүрдэх юм.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцаж, төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг судалсан. Мөн арьс шир боловсруулах салбарын мэргэжлийн холбоо, үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, тус үйлдвэр технологийн паркад үйлдвэрлэлээ шилжүүлэн ажиллах хүсэлтэй байгааг нь сонссоны үндсэн дээр ийнхүү “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын тулгамдсан асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэхээр танилцуулсан юм.

Салбарын сайдын хувьд зах зээл дээр хэт үнэгүйдэж, хог дээр хаягдах болсон малын гаралтай түүхий эд, арьс, ширийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зорьж байгаа бөгөөд түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох бодлого, төлөвлөлтийг хийх чиглэл өгөөд буй юм. Ирэх долоо хоногт болох бүсийн зөвлөгөөнөөр хаана, хэрхэн яаж түүхий эд бэлтгэлийн төвүүдийг байгуулж, туршиж эхлэх талаар танилцуулна.

Одоогоор баруун бүсэд Ховдын үйлдвэр технологийн парк, төвийн бүсэд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг барьж байгуулахаартөлөвлөж, бүтээн байгуулалтын ажлууд нь үргэлжилж буй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.