🔴М.Бадамсүрэн: Ядуурлаас гарах арга зам бол боловсрол

AI хөрвүүлсэн

УИХ-ын 21 гишүүн хамтран Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн танилцуулснаар, уг хуулийн төслийг Дорнод аймагт амжилттай хэрэгжсэн хүүхдийн хөгжлийн төслийн үр дүнд үндэслэн, нэг жил орчмын хугацаанд судалж боловсруулсан байна.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 

-Хүүхдийн хөгжлийг зөвхөн цэцэрлэг, сургуулийн боловсролоор хязгаарлах нь учир дутагдалтай. Хүүхдийн эрх, хамгааллаас гадна хөгжлийн асуудлыг тусад нь эрчимжүүлэн авч үзэх шаардлагатай.

Төрөөс байгалийн баялаг, нийтийн өмчөөс олж буй орлогыг зөвхөн Ирээдүйн өв санд хадгалах бус, өнөөгийн хүүхэд багачуудын оюун ухаан, бие бялдар, эрүүл мэнд, хувь хүний хөгжилд хөрөнгө оруулах нь хамгийн чухал ач холбогдолтой. Боловсрол, оюунд оруулсан хөрөнгө оруулалт нь ядуурлаас гарах гол арга зам. Ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээх бүтээлч иргэнийг төлөвшүүлэх өндөр үр өгөөжтэй.

Орчин үед хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал дээр дутагдалтай байна. Тиймээс хичээлийн бус цагаар болон амралтын өдрүүдэд хүүхдийг секц, дугуйланд хамруулснаар багаар ажиллах, бусдыг сонсох, хүндлэх чадварт суралцах давуу талтай. Энэ хууль батлагдсанаар хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын төвүүдийн үйл ажиллагааг төр, эцэг эхчүүд хамтран дэмжих, цаашлаад багш нар нэмэлт орлоготой болох боломж бүрдэнэ. 

Энэ хуулийн төслийн суурь болсон төслийг би Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2022 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Жилд 1.8-2 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр аймгийн хэмжээнд 9000 орчим буюу нийт сурагчдын тэн хагасыг хамруулсан. Уул уурхайн гэрээний орлогоос бүрддэг Орон нутгийн хөгжлийн сангаас нэг хүүхдийн сарын төлбөрийн 60 хувь буюу 30 мянган төгрөгийг гаргаж, эцэг эхчүүд хүүхдийн мөнгөнөөсөө 40 хувь буюу 20 мянган төгрөгийг нэмж төлснөөр хүүхдүүд зургаан сарын турш сургалтад хамрагдах боломжтой болсон. Ийм  зохицуулалтаар 50 хүүхэдтэй секц хичээллүүлэхэд багш сард 2.5 сая төгрөгийн нэмэлт орлого олдог.

Дорнод аймагт хэрэгжсэн энэ төсөл нь эцэг эх, сургалтын төв, хүүхэд гэсэн гурван талт хамтын ажиллагаанд тулгуурлан бодит үр дүнгээ өгсөн тул ийнхүү улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол Улсын бүх хүүхэд эцэг эхийнхээ орлогын түвшнээс үл хамааран хувь хүний хөгжил, үндэсний бахархал, санхүү болон сэтгэл зүйн боловсрол, гадаад хэл, урлаг спортын секц дугуйланд хамрагдаж, өөрийн авьяас чадвараа нээн илрүүлэх тэгш боломжоор хангагдана гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.