🔴Н.Тэгшбаяр: Халзан Бүрэгтэй төслийг эсэргүүцэгчид нь улс орны хөгжлийг хойш татагчид
Доктор Н.Тэгшбаяр Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон уул уурхайн салбар, тэр дундаа Халзан Бүрэгтэй ордын төслийг эсэргүүцэж буй асуудлаар тайлбар өгөхдөө хуулийн дагуу зөвшөөрлөө авч, төлбөр хураамжаа төлөн үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэж, ажлыг нь гацааж буй иргэд болон төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага тооцох ёстойг онцоллоо.
Доктор Н.Тэгшбаяр:
-Монгол Улс Үндсэн хуультай, төртэй улс болохын хувьд хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой.
Улсын Их Хурлын сонсголоор тухайн компани хууль зөрчөөгүй нь нотлогдсон байхад дур зоргоороо эсэргүүцэл илэрхийлж буй хүмүүсийг иргэний хэргийн шүүхэд өгч, компанид учирсан хохирлыг төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүргээ умартаж, эсэргүүцэгчидтэй нэгдсэн цагдаа болон төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
Улсын төсвийн ихэнх хувийг уул уурхайн салбар бүрдүүлж, бусад аймгийн иргэдийн цалин, тэтгэврийг тавьж байгаа энэ үед уул уурхайг эсэргүүцэх нь эдийн засгаа боомилсон хэрэг. Олборлолт эхлээгүй байхад "мал гажигтай төрж байна" гэх мэдээлэл нь үндэслэлгүй. Энэ нь малын цус ойртолттой холбоотой. Мөн, "газрын ховор элементээс цацраг ялгардаг" гэх мэдээлэл бол худлаа. Байгаль дээр дангаараа цацраг идэвхт газрын ховор элемент байдаггүйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, иргэдийн тархийг угаах үйлдлийг таслан зогсоохыг уриалмаар байна.
Газрын ховор элементийн асуудал нь зөвхөн эдийн засаг бус, улс төр, геополитик, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах сэдэв. Дэлхийн газрын ховор элементийн зах зээлийн 80 гаруй хувийг БНХАУ хангаж байгаа одоо үед Монгол Улс өөрсдөө олборлож, боловсруулж эхэлснээр өндөр технологийн салбарт өрсөлдөх чадвартай болно. Эдгээр стратегийн ач холбогдолтой төслүүдийг эсэргүүцэж буй үйлдэл нь Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хэрэг тул төр, хууль хяналтын байгууллагууд үүнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.