🔴О.Номинчимэг: Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн бодлогод өнгөц, гоо сайхны шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж ирсэн
УИХ-ын гишүүн С.Номинчимэг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Нийтийн өмчийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр концепцын хүрээнд бодлого нь төрийн өмчөө бүртгэж, бүртгэл нь олон нийттэй болох цогц бодлогоо хийх ёстой. Шинэчлэл хийж, сайжрахын тулд олон нийтийн хяналт байх ёстой гэдгйиг энэ үеэр хэллээ.
УИХ-ын гишүүн С.Номинчимэг:
-Хэлэлцүүлэгт 21 аймаг, есөн дүүргийн орон нутгийн өмч хариуцсан төлөөллүүд оролцож, бодит амьдрал дээр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж байна.
Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн бодлогод зөвхөн өнгөц, гоо сайхны шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж ирсэн бол энэ удаагийн хуулиар суурь реформ хийхийг зорьж байгаа. Ингэхдээ гаднын улс орнуудын туршлагыг шууд хуулбарлах бус, Монгол Улсын өөрийн онцлог, өргөн уудам газар нутаг, хүн амын нягтрал зэрэгт нийцүүлэн зохицуулах шаардлагатай.
Орон нутагт тулгамддаг хамгийн том асуудлын нэг нь өмчийн бүртгэлийн удаашралтай үйл явц. Улс болон орон нутгийн төсвөөр баригдсан цэцэрлэг, музей, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтыг төрийн өмчийн газар бүртгэж авах гэсээр 1-2 жил зарцуулдаг. Энэ хугацаанд тухайн хөрөнгө эзэнгүйдэж, эвдэрч сүйдсэний дараа орон нутагт шилжүүлэх гэдэг нь татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй үрэх, шамшигдуулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Төрийн өмчийг үнэгүйдүүлдэг, хэн нэгэн даргын халаасанд ордог байдлыг таслан зогсоохын тулд олон нийтийн хяналт хамгийн чухал. Шинэ хуулиар төрийн өмчийн бүртгэлийг цахимжуулж, хаана, ямар хэмжээтэй, хэдэн төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө байгааг иргэд, судлаачид нээлттэй харах боломжтой болгох цогц бодлогыг тусгаж байгаа.
Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгждэг төслийн нэгжүүдтэй холбоотой хөрөнгийн маргааныг цэгцлэх шаардлагатай. Төсөл хэрэгжих хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр авсан автомашин, техник хэрэгслийг үнэлгээг нь бууруулах замаар хувьдаа завшдаг асуудал гарсаар байна. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дэх дутуу зохицуулалтуудыг УИХ-ын Ажлын хэсэг нарийвчлан судалж, бусдад ашиглуулах, шилжүүлэх үйл явцад хийдэл гаргахгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.