🔴Н.Батнайрамдал: Оюутолгойн ТУЗ-ын албан тушаалын сонгон шалгаруулалт нээлттэй явах ёстой
УИХ-ын гишүүн Н.Батнайрамдал "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал болон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтын асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Батнайрамдал:
-Оюутолгойн хэлэлцээр ид явагдаж байгаа энэ эгзэгтэй цаг үед Монголын талын 34 хувийг төлөөлөх, ачааны хүндийг үүрэх удирдлагуудыг улс төрийн шахаагаар бус, нээлттэй, шударгаар сонгох ёстой. Сонгон шалгаруулалтын хугацаа хоёр долоо хоног үргэлжилнэ. Энэ мэдээллийг гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшиж, томоохон компаниудад ажиллаж байгаа чадварлаг залууст түгээж өгөхийг хэвлэл мэдээллийнхнээсээ хүсэж байна.
Гэхдээ сонгон шалгаруулалтын зард тусгагдсан зарим шаардлагыг засах шаардлагатай. "Компанийн засаглал, баялгийн сангийн удирдлагаар мэргэшил дээшлүүлсэн байх", "Оюутолгойн гэрээ хэлэлцээр, тулгамдсан асуудлаар ажиллаж байсан туршлагатай байх" гэсэн шалгууруудыг заавал байх шаардлага бус, харин давуу тал болгон өөрчлөх хэрэгтэй. Хэт явцуу шаардлага тавих нь тодорхой хэсэг бүлэг хүмүүст зориулагдсан мэт хардлага төрүүлэх бөгөөд олон чадварлаг залуусын өрсөлдөх боломжийг хаах эрсдэлтэй.
Төрийн өмчит томоохон компаниудын томилгоо дарга, сайд нарын шахаагаар явагдаж ирсэн гажиг тогтолцоог энэ удаад таслан зогсоох ёстой. Хэрэв хэн нэгний шахааны хүн томилогдвол үүнийг "Рио Тинто"-гийн захиалгат томилгоо гэж үзэхээс өөр аргагүй. "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Даваадалай болон ТУЗ-ийн дарга Одхүү нарт хариуцлагатай хандах хэрэгтэй. УИХ-ын 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хэдэн тэрбум долларын үр дагавартай хэлэлцээр явагдаж байхад шахааны томилгоо хийж алдаа гаргавал хатуу хариуцлага тооцно.
Хянан шалгах түр хорооны сонсголоор Оюутолгойн үе үеийн ТУЗ-ийн гишүүдийн ажлыг дүгнэхэд хангалтгүй байсан. Өндөр цалинтай албан тушаалд очсон хүмүүс Монгол Улсын Засгийн газрын эрх ашгийг хамгаалах үүргээ бүрэн биелүүлж чадаагүй, эс үйлдэхүй гаргаж цаг хугацаа алдсан. Оюутолгойн ТУЗ-д орохоор санаархаж буй хүмүүс үүнийг зөвхөн өндөр цалинтай ажил бус, ард нь Монгол Улсын язгуур эрх ашиг хөндөгдөж байдаг гэдгийг ухамсарлах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.