- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт хийлгэхээр шүүх, прокуророос даалгасан ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн явуулж дуусжээ.
Түүнд холбогдох хэргийг 2020 оны нэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.2 дахь хэсгийн “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр прокурорын хяналтад буцааж нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар болсон юм.
Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2013-2016 оны хооронд төрсөн ах Н.Жаргалсайханы охин болон хүүгийнх нь нэрээр гадаад улс руу 650 000 ам.доллар шилжүүлсэн хэрэгт холбогдсон. Уг мөнгө эхнэр Я.Наранцэцэгийнх нь дансанд орж, Австри улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдаж буй билээ. АТГ-ынхан Австри улсын хууль сахиулах байгууллагынхантай хамтран санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар холбогдох нотлох баримтыг тус улсын тал өгсөн байдаг. Н.Золжаргалын Австрид авсан үл хөдлөх хөрөнгө авах мөнгөний эх үүсвэр нь Худалдаа, хөгжлийн банкны 2015 онд гаргасан 500 сая ам.долларын бондоос эх үүсвэртэй гэдгийг ч хууль хяналтын байгууллагынхан тогтоосон гэдэг.
Төвбанкны ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашиглаж арилжааны банкуудад давуу байдал олгож, түүнийхээ “шагнал”-ыг авга дүү нарынхаа нэрээр шилжүүлэн, эхнэртэйгээ хамтран эзэмшдэг дансаар авсан гэдгийг мөрдөгчид тогтоосон юм билээ.
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 20-26-ны хооронд эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсэн байна. Тэдгээрийн дотор Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох дээрх хэргээс гадна Архангай аймгийн Засаг дарга асан, өдгөө аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын даргаар ажиллаж байсан, эдүгээ мөн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Өсөхбаяр нарт холбогдох, хуурамч тогтоол гарган “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлд Шоронгийн ам гэдэг газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэрэг багтжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнгө мөрөө үлдээдэг баригдана лдаа