🔴АН: Монголд шатахууны биш, төрийн бодлогын хомстол нүүрлээд байна
Ардчилсан намаас долоо хоног тутам зохион байгуулдаг "4:11" мэдээллийн хөтөлбөр өнөөдөр боллоо. Хурлаар бензин шатахууны хомстол, үнийн өсөлт болон иргэдэд ирж буй эдийн засгийн дарамтын талаар тус намын удирдлагууд бодлогын байр сууриа илэрхийлж, тодорхой шийдлүүдийг танилцуулав.
АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:
-Шатахууны асуудлыг шийдэхийн тулд дунд хугацаанд төмөр замын бодлогоо цэгцлэх ёстой. Засгийн газраас гаалийн чөлөөлөлт зэрэг зарим шийдвэрүүдийг гаргасан ч тээвэрлэлттэй холбоотой асуудлаа бүрэн гүйцэд зохицуулах шаардлагатай байна.
Шатахуун болон нефтийн бүтээгдэхүүн нь овор ихтэй бараа. Энэ нь хэн нэгэн хүн таван литр, 10 литр, 100 литрээр саванд хийгээд бариад ороод ирдэг зүйл биш. Их хэмжээгээр авч байж үнэ нь буурдаг, их хэмжээгээр орж ирж байж эргэлт, түгээлт нь хэвийн явдаг онцлогтой. Монгол Улс нэн түрүүнд дунд хугацааны бодлогодоо төмөр замтай холбоотой асуудлаа шийдэж, урагшаа харж явахгүй бол дараа дараагийн хамгийн тулгамдсан асуудал үүсэх болно.
АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан:
-Үндэсний бодлогын хорооны дэргэд нийгэм, эдийн засгийн 12 чиглэлээр бодлогын зөвлөлүүд ажиллаж байна. Эдгээр зөвлөлүүд урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүд, дараагийн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрүүдэд судалгаа хийж сөрөг хүчний байр суурийг тодорхойлох чиглэлээр ажиллаж байна.
Бид шатахууны хомстолыг цэвэр шатахууны хомстол гэж үзэхгүй байна. Энэ бол төрийн бодлогын хомстол юм. Нэг нам урт хугацаанд үнэмлэхүй олонхоор засаглахдаа зах зээлийн буруу бодлого баримталсны үр дагавар өнөөдөр шатахуунаар илэрч байна. Төр шатахууны үнэ тогтоохдоо үнийн бодлогын зөвлөлөөр дамжуулан зах зээлд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Иргэдийн халааснаас шууд төлөгддөг АИ-92 бензиний үнийг хүчээр хямд барих бодлого баримталдаг. Үүнээс үүдэлтэй импортлогчдын алдагдлыг нөхөхийн тулд эдийн засагт баялаг бүтээдэг, хөдөө аж ахуй, уул уурхай, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын гол хөдөлгүүр болсон дизель түлшний үнийг нэмдэг. Энэ гажиг тогтолцоо нь эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, талхны үнэ нэмэгдэх шалтгаан болж, иргэдийн халаасанд дарамт болж байна. Зах зээл эрүүл бус болсноор импортлогчид АИ-92 бензиний импортод сөрөг байдлаар хандаж эхэлсэн.
Дэлхий нийтээрээ ногоон, эрүүл хөгжил рүү алхаж байхад Монгол Улс стандартын хувьд ухарч байна. Монгол Улс 2017 онд дизель түлшний MNS 0216:2017 стандартыг баталж, Евро-3, Евро-4, Евро-5 стандарт руу орох том алхам хийсэн. Гэвч 2020 онд MNS 6861:2020 стандартыг батлахдаа шатахуун, дизельд агуулагдах хүхрийн хэмжээг 200 дахин ухраасан шийдвэр гаргасан.
Евро-5 стандартын дизель түлшний 1 кг-д агуулагдах хүхрийн хэмжээ 10 мг буюу түүнээс бага байх ёстой атал 2020 оны стандартад "К2" гэх ангиллыг нэмж, хүхрийн хэмжээг 500-аас 1000 мг байхаар ухрааж оруулсан. Энэхүү ухралт нь иргэдийг чанаргүй бензин хэрэглэхэд хүргэж, агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээг хорт түвшинд хүргэж байна. Мөн орчин үеийн автомашинуудын катализатор (шүүлтүүр)-ыг эвдлэн, агаарын бохирдлыг улам нэмэгдүүлж байна.
Засгийн газар болон холбогдох яамдаас мэдээлээд байгаа шатахууны нөөц нь сонгодог утгаараа бодит нөөц биш. Энэ нь импортлогч, тээвэрлэгч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниудын агуулах, савны үлдэгдлийн дүн бөгөөд үүнийг "улсын нөөц" мэтээр иргэдэд буруу ойлгуулж байна.
Жишээ нь Бүгд Найрамдах Солонгос Улсад төрийн албан ёсны бэлтгэсэн нөөц нь 146 сая баррель буюу 18.2 сая тонн (тухайн улсын 200 хоногийн хэрэглээ) байдаг бол Монгол Улсад төрийн албан ёсны нөөц тодорхойгүй, бараг байхгүйтэй адил байна. Төр үнэ тогтооход оролцож, бизнесийн байгууллагуудыг шахаж, шатахууны саван дээр тоолуур тавих зэрэг буруу бодлого руу явж байгаа гэв.
АН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв:
-Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, айл өрхийн амьдралд асар их дарамт болж байна. Банкны зээл 28 их наяд, банк бус санхүүгийн байгууллагын зээлийг нэмбэл иргэдийн нийт зээлийн дүн 36 орчим их наяд төгрөгт хүрсэн байна.
Энэ нь Монгол Улсын нэг иргэнд дунджаар 10 сая төгрөгийн хэрэглээний зээл ногдож, нэг айл өрх дунджаар 35 сая төгрөгийн хэрэглээний өр төлбөртэй байна. Иймд айл өрхүүд шинэ бизнес эхлүүлэх бус, зөвхөн өдөр тутмын амьжиргаагаа залгуулахын тулд хэрэглээний зээл авч, өрөөс өрийн хооронд амьдарч байгааг илтгэж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн нийт зарлага 5 дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад айл өрхийн хэрэглээний зээлийн үлдэгдэл мөн 5 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, дарга нарын тансаглал, зардал нэмэгдэх тусам иргэдийн өр нэмэгдэж байна.
Энэ оны хагас жилийн байдлаар улсын төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь цар тахлын үеийнхээс давсан үзүүлэлт юм. Засгийн газар нөхцөл байдал дордож байгааг мэдсээр байж төсвийн тодотгол хийлгүй явсаар, ирэх оны төсөвтэй хамт хэлэлцэхээр хойшлуулсан байна. Үүний төлбөрийг иргэд инфляц буюу "хуульгүй татвар"-аар дамжуулан төлж байна.
Ерөнхий сайд нь таван мянган тонн мах хайгаад явж байна. Томилолтын зардал хэмнэнэ, цахимаар ажиллана гэх мэт жижиг зүйл ярьж байгаа нь 10 жилийн дотор 5 дахин томорсон төсвийн зардалд ямар ч өөрчлөлт авчрахгүй. Сууриар нь том реформ хийхгүй бол өөрчлөгдөхгүй. Дэлхий нийт төрийн үр ашгийг сайжруулахын тулд хиймэл оюун ухаан (AI) ашиглах талаар ярьж байхад бид 10 дахь жилдээ хэдэн тонн мах, нүүрс, шатахуун ярьсаар сууна. Засгийн газар 'рийлс' (reels) хийж, 'бот'-оор шэйрлүүлж засагладаггүй гэдгээ ойлгож, үндсэн ажилдаа орох хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.