Зөгийн тоос хүртээлтээр ХАА-н үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл хамтран Зөгийн тоос хүртээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх TCP/MON/4103 төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.
Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.Энэ үеэр Засгийн газар, хамтрагчид болон түнш байгууллагуудад төслийг танилцуулж мэдээлэл хүргэв. Оролцогч талууд төслийн хэрэгжилтэд техникийн дэмжлэг үзүүлэх, удирдан чиглүүлэх, хамтын ажиллагааг хангах тал дээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх “Зөгийн тоос хүртээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх” TCP/MON/4103 техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2026-2027 онд хэрэгжих гэж байна. Төслийн хүрээнд тоос хүртээлт ба зөгийн аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн үр ашиг ба экосистемийн дасан зохицох чадварыг сайжруулахад гол анхаарлаа чиглүүлэх юм.
Энэ хүрээнд балт ургамлын тариалалтын системийг нэвтрүүлж, зөгийн бэлчээр болон тоос хүртээлтийн үйлчилгээг нэмэгдүүлэх, зөгий үржүүлгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, менежментийг сайжруулснаар зөгийн бүлийн тоог нэмэгдүүлэх, зөгий үржүүлгийн менежмент болон эрүүл мэндийн хяналтыг бэхжүүлж зөгийн бал үйлдвэрлэл ба тоос хүртээлтийн үйлчилгээг нэмэгдүүлэх гэсэн гурван дэд зорилтыг хэрэгжүүлэнэ.
Төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэг дор Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл хэрэгжүүлж, Ургамал газар тариалангийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.