Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг орон нутагт тэлнэ

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг орон нутагт тэлнэ

Хангайн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод үргэлжилж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг зарим боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өвөрхангай аймаг нь мал аж ахуйн түүхий эд боловсруулах чиглэлээр хөгжиж буй аж үйлдвэрийн парк бүхий аймгуудын нэг бөгөөд арьс, шир, ноос, мах боловсруулах үйлдвэрүүд төвлөрсөн үйлдвэрлэлийн бүс бүрджээ. “Арьс ирээдүй” ХХК-ийн удирдлагууд арьс, ширний үйлдвэрүүдэд мэргэжлийн ажилтан болон тогтвортой санхүүжилт дутагдаж байгааг энэ үеэр дурджээ. 

Тус компани өөрийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж байгуулсан ч сүүлийн хоёр жил эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь саарчээ. Мөн цэвэрлэх байгууламжийг төрийн өмчит хэлбэрээр хариуцвал үйлдвэрлэгчид гүн боловсруулалт, технологийн шинэчлэлдээ төвлөрөх боломжтойг хэлсэн байна.

“Ноос ирээдүй” ХХК өдөрт 15 тонн ноос боловсруулах хүчин чадалтай бөгөөд 200 ажилтантай ажиллаж байна. Тус компанийн хувьд түүхий эд худалдан авах хөрөнгө дутагдалтай, мөн ноосны урамшуулал олгогдоогүйгээс малчид ноосоо ченжүүдэд нийлүүлэх болсон нь хүндрэл үүсгэж байгааг энэ үеэр үйлдвэрийн удирдлагууд хэллээ. 

Харин “Түмний буян далай” хоршоо 2021 онд мах боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, 2022 онд ЖДҮХС-ийн зээлээр тоног төхөөрөмжөө шинэчилжээ. Тус хоршоо махнаас гадна гүзээ, дэлүү, сархинаг зэрэг дайвар бүтээгдэхүүн боловсруулан “Таван цулын тан” нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Энэ үеэр сайд Ц.Идэрбат “Шинээр үйлдвэр байгуулахаас илүүтэй үйл ажиллагаагаа эхлүүлж, туршлага хуримтлуулсан үйлдвэрүүдээ бодлогоор дэмжинэ. Зээл, хөнгөлөлтөөр дэмжиж, орон нутагт үйлдвэр, технологийн паркуудыг хөгжүүлэх чиглэл баримталж байна” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.