Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн асуудлыг хэлэлцлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр орон нутагт хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа онцлов.

Мөн Дархан-Уул аймагт усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, борлуулалт болон экспортын орчныг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг хэлэлцжээ. Түүнчлэн Мал эмнэлгийн газрын барилгын асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
Дархан-Уул аймаг 2025 онд 163,327 толгой мал тоолуулсан бөгөөд 1,275 малчин өрх, мал бүхий 774 өрхтэй байна.
Тус аймагт:
- Сүүний чиглэлийн 7 аж ахуйн нэгж 197 үхэр,
- Махны чиглэлийн 39 аж ахуйн нэгж 2,535 үхэр,
- Мах, сүүний хосолмол чиглэлийн 29 аж ахуйн нэгж 1,570 үхэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Мөн тахианы аж ахуй хоёр, гахайн аж ахуй 25, зөгийн аж ахуйн 145 бүл тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлд бодит хувь нэмэр оруулж байна.
2025 онд нийт 34.2 мянган га талбайд тариалалт хийж, 50.1 мянган тонн ургац хураан авчээ. Ургацын бүтцээр нь авч үзвэл хүнсний ногоо 84.1 хувийг эзэлж, 41.4 мянган тонн ургац хураан авсан нь дотоодын хүнсний хангамжид томоохон хувь нэмэр болжээ. Мөн 6.9 мянган тонн улаанбуудай, 1.8 мянган тонн төмс хураан авсан байна.
2025 онд үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 58 иргэнд нийт 148 сая төгрөгийн урамшуулал олгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.