ХХААХҮ-ийн салбарын жендэрийн бодлогын хэрэгжилт 47 хувьтай үнэлэгджээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2018-2025 онд хэрэгжсэн жендэрийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг үнэлэхэд “хэсэгчлэн” буюу 47 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэжээ.
Үнэлгээг Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэсэн байна. Тус бодлого нь салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй, эрэгтэй иргэдийн тэгш оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, бодлого болон хөдөлмөр эрхлэлтийн орчинд жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх зорилготой хэрэгжжээ.
Үнэлгээгээр сургалт, мэдээлэл түгээх, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих чиглэлээр тодорхой ахиц гарсан ч бодлогын хэрэгжилт ихэвчлэн төсөл, хөтөлбөрөөс хамааралтай байсан нь онцлог байв. Мөн салбарын яамны төсөв, манлайлал, бодлогыг тогтолцоонд нь шингээх ажил сул байсан гэж дүгнэсэн байна.
ХХААХҮ-ийн салбарт эмэгтэйчүүд нийт ажиллах хүчний 47.8 хувийг эзэлж байгаа ч техникийн болон удирдах түвшний ажилд хүйсийн ялгарал хадгалагдсан хэвээр байгааг тайланд дурджээ. Түүнчлэн хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн орчин, ариун цэврийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн хүртээмж зэрэг суурь асуудлуудад гарсан ахиц хязгаарлагдмал хэвээр байгааг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.