Монголын бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хадгалдаг болохыг онцоллоо

Монголын бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хадгалдаг болохыг онцоллоо

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль болон МААЭШХ-аас ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх бэлчээрийн мал аж ахуй эрхлэх арга технологийг шинэчлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ. 

Хуралд Монгол Улс, Швейцарь, Канад, БНХАУ-ын 40 орчим эрдэмтэн, судлаач оролцож, хүлэмжийн хийн ялгаралт болон түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн экосистемийн өөрчлөлт, монгол малын генетик нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хөрсний органик нүүрстөрөгчийн шингээлт, тэжээлийн ургамлын ашиглалт зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл хэлэлцүүлэв.

Судалгааны үр дүнгээс онцлоход, Монгол орны бэлчээрийн ургамал нь хүлэмжийн хийг шингээхээс гадна ургамлын бодисын солилцооны хоёрдогч бүтээгдэхүүн болох сапонин, танин, флавоноид зэрэг нэгдлүүд нь малын хоол боловсруулах явцад үүсэх хүлэмжийн хийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар, эрс тэс уур амьсгалтай орчинд дасан зохицсон бэлчээрийн ургамал нь нүүдлийн мал аж ахуйгаас үүсэх хүлэмжийн хийн хэмжээг тодорхой түвшинд бууруулахын зэрэгцээ өөрөө нүүрстөрөгч шингээж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Ийнхүү монголчуудын бэлчээрт суурилсан нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох өндөр чадамжтай бөгөөд хүнсний аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой байдлыг хангах давуу талтай болохыг судалгаагаар дахин нотоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.