Хөдөө аж ахуйн хөгжлийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Хөдөө аж ахуйн хөгжлийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” долоо хоногийн хүрээнд “Хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэр, хэрэгцээ, шаардлага” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгийг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлэхдээ, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал үүрэгтэйг онцлоод, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чанартай хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж байгааг дурдлаа.

0bc92a731c2c44548be29701f0021cc4

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ч.Болдбаатар “Хөнгөн үйлдвэрийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл тавьж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэл, борлуулалт сэргэж байгааг онцолсон юм. Тэрээр 2025 онд 788.9 тэрбум төгрөг, 2026 онд 450 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байгааг мэдээллээ.

Мөн Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын үр дүнд Казахстан, Киргизстан зэрэг улс руу шинэ гарцууд нээгдэж байгааг “Цагаан алт” ТББ-ын тэргүүн Д.Бадарч хэлсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын хэрэгцээ, боломжийн талаар “Монголын ноос ноолуурын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулж, Монгол-Италийн хамтарсан ээрэх үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд 62.1 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгааг дурдав.

Тэрээр ноолуурын салбарын үйлдвэрлэлийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх боломжтой бөгөөд 2030 он гэхэд 20 мянган ажлын байр бий болгох зорилт тавьж байгааг онцоллоо.

Түүнчлэн “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн арьс шир боловсруулах салбарын технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын хэрэгцээний талаар, “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Б.Ганбат орон нутагт сүлжих үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагын талаар тус тус илтгэл танилцуулсан юм.

Энэхүү хэлэлцүүлгээр хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх оновчтой шийдлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.