“Нутагтаа эзэн 100:1000” төслөөр малчдыг ногоон тэжээлээр дэмжинэ

“Нутагтаа эзэн 100:1000” төслөөр малчдыг ногоон тэжээлээр дэмжинэ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат аймгуудын Засаг дарга нартай “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус төслийг 16 аймгийн 16 сумын 16 багт хэрэгжүүлж, нийт 100 га талбайд ногоон тэжээл тариалахаар төлөвлөж байна. Монгол Улсад нийт 1,626 баг байдгаас аймаг, сумын төвийн багууд болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгуудыг хасаж тооцоход 1,071 багт ногоон тэжээл тариалах хэрэгцээ бий.

Улсын хэмжээнд эргэлтэд ороогүй 112,265 га атаршсан талбай байгааг ашиглан малчдад тэжээл тариалах боломж бүрдүүлэх юм.

Төслийн хүрээнд малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ борлуулан орлого олох боломжтой. Энэхүү туршлагыг Архангай, Хэнтий аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 2023 онд 133 өрх 400 га талбайд тариалалт хийж, 70 мянган боодол тэжээл бэлтгэн, өрх бүр 600–700 боодол хүртэл авч, илүүдлээ зах зээлд нийлүүлж эхэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд малын тоо өсөж, 2024 оны эцэст 57.6 саяд хүрсэн бол хөдөө аж ахуйн эдэлбэр газар буурах хандлагатай байна. Үүнээс шалтгаалан бэлчээрийн даацад ачаалал нэмэгдэж, тэжээлийн хангамжийн асуудал тулгамдаж байгаа бөгөөд уг төсөл энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.