Түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг сайжруулна

Түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг сайжруулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг хүлээн авч уулзан, салбарын тулгамдсан асуудал болон хөгжлийн гарц шийдлийн талаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат арьс ширний үнэ цэнэ буурч, зах зээлд үнэгүйдэх хандлагатай байгааг өөрчлөхөд МАШҮХ-ноос гаргасан санал санаачилга чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Тэрээр арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бодитой алхам хийх шаардлагатайг хэлж, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ашиглалтад оруулахад онцгой анхаарах болно гэдгээ илэрхийллээ.

4f89e152d77e4ab6a7459bb8e9595a1f

Түүнчлэн арьс ширний 23 үйлдвэрийг үе шаттайгаар Эмээлт рүү нүүлгэн шилжүүлснээр үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, олон улсын LWG гэрчилгээ авах боломж бүрдэх, тогтвортой гарал үүсэлтэй бүс нутагт хамрагдах, бэлчээрээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн сүлжээг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг онцлов.

Энэ нь “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арьс ширний экспортын зорилтыг хангахад чухал түлхэц болох юм. Салбарын суурь асуудлыг шийдвэрлэх хүрээнд малчдын бэлтгэж буй арьсны чанар, үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд таван сумыг сонгон туршилтын загвар хэрэгжүүлэхээр болжээ.

Үүнд малын өвчлөлийг бууруулах, арьс ширийг стандартын дагуу боловсруулах, хадгалах, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлыг багтаах бөгөөд холбогдох загвар төлөвлөгөөг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Дондогдоржид боловсруулах үүрэг өгсөн байна.

Мөн хуучин Худалдаа бэлтгэлийн ангийн тогтолцоог шинэчилж, түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг сайжруулах, арьс ширний чанарт сөргөөр нөлөөлдөг малын паразит өвчлөл, нядалгааны үеийн исгэлт, тээвэрлэлтийн доголдлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарахаар төлөвлөжээ. Уулзалтын үеэр МАШҮХ-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн дотоодын аж ахуйн нэгжүүд технологийн дагуу боловсруулсан арьс ширийг нийлүүлэхэд үнэ өсөж байгааг дурдав.

Тухайлбал, үхрийн арьс 30-35 мянган төгрөг, ямааны арьс 80 мянган төгрөгт хүрсэн нь анхан шатны боловсруулалт, тээвэрлэлтийн чанар сайжрах шаардлагатайг харуулж байна гэлээ. Ийнхүү талууд арьс ширний салбарыг сэргээж, эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахын тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.