Бүгд найрамдах Буриад улс руу нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлж 5000 тонн-д хүргэх боломжтой

Бүгд найрамдах Буриад улс руу нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлж 5000 тонн-д хүргэх боломжтой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс анх удаа орж байгаа бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд татвараас чөлөөлөгдөх 367 нэр, төрлийн бүтээгдэхүүний 90 хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн байгаа. Тиймээс манай талаас экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулан, хоёр улсын худалдааг эрчимжүүлнэ. Тухайлбал, "Монгол Улсаас ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг малын эрүүл мэнд, хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэлээ.

c0aa19e356be4579a6cb11351166070f

cf1e33a7290e4adeb87c63a9e6132bf5

2025 онд ОХУ-ын Эрхүү хотноо болсон Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр ОХУ-аас Монгол Улсад 200 мянган тун шүлхийн вакциныг шугамаар нийлүүлэхээр тохиролцсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ОХУ-аас манай улсад шүлхийн вакцин нийлүүлж байгаад талархал илэрхийлж, уг вакциныг үр дүнтэй ашиглах чиглэлээр мэргэжлийн байгууллага Мал эмнэлгийн ерөнхий газар анхаарч ажиллана гэв. Мөн сайдын зүгээс ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад Монголын хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хүсэлт тавилаа.

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаев Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Бүгд найрамдах Буриад улс руу нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлж 5000 тонн-д хүргэх боломжтой гэдгийг онцлов. Тухайлбал, Буриадын “Мяспром” компани Монгол Улсаас 2000 тонн үхрийн мах, 1000 тонн адууны мах авахад бэлэн байгаа юм байна.


Бүгд найрамдах Буриад улс Монгол Улстай малын үржил, селекц болон мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал, бухын хөлдөөсөн үр авах, адууны мах их хэмжээгээр импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

bb5d5717ba814de2abca1c1cc2341783

9db5e496e715495b94e287cccc37c428

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Саран 1 цаг, 31 минут
Мах нэмж экспортлохоо болиоч ээ ард түмэн яаж амьдарч байгааг харах ухаан байна уу