СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-10-07

“Сандэнс кино” наадам болон “Киноны нүүдэл” хамтран уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Киноны нүүдэл төслийн санаачлагч Баасанхүүгийн Номинтуяа нь соёл урлагийн салбарт 30 жил ажилласан туршлагатай. Фулбрайтын тэтгэлгээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын Их сургуульд 2010-2012 онд урлагийн удирдлагын чиглэлээр суралцаж мастерын зэрэг хамгаалсан. Уран нугараач, урлаг судлаач, продюсер, куратор юм.

Монголд анх удаа кино Америкийн САНДЭНС КИНО НААДАМ болон КИНОНЫ НҮҮДЭЛ хамтран уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна

“Киноны нүүдэл” сургалтыг санаачлан зохион байгуулах болсон талаар яриа эхлэх үү?

Монголын кино урлагийг шинэ шатанд гаргахад кино зохиолыг хөгжүүлэх, зураг авалт, кино үйлдвэрлэл, постпродакшн, түгээлт зэрэг кино үйлдвэрлэлийн үе шат бүрд дэмжлэг үзүүлэх, кино үйлдвэрлэлтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг бий болгох, дотоодын кино уран бүтээлчдийг олон улсын кино наадамд оролцоход бэлтгэх, дэмжлэг үзүүлэх, хамтын бүтээлийг дэмжих зэрэг ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх мөн киноны уран бүтээлчид, тэр дундаа найруулагч, продюсер, зураглаач, эвлүүлэгч, кино зохиолч, дууны найруулагч, өнгө тавигч мэргэжлээр мэргэшүүлэх, Монголын кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих хэрэгцээ шаардлагатай байна. Иймд “Киноны нүүдэл” багийн зүгээс өнөөгийн Монголын кино урлагийн салбарын хэрэгцээ шаардлагыг үндэслэн анхны кино үйлдвэрлэлийн олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан 2023 онд хэрэгжүүлсэн. Одоо 2 дахь удаагийн сургалтаа эхлүүлэх гээд бэлтгэл ажлаа хангаад байна.

“FILM NOMAD 2024” сургалтын онцлог юу байгаа вэ?

2023 онд зохион байгуулсан Киноны нүүдэл хөтөлбөрт 3 сарын турш 100 уран бүтээлч хамрагдаж, нийт 51 кино төсөл ирүүлснээс Кино зохиол бичих, төсөл боловсруулах танхимын сургалтын эцсийн санал, олон улсын багш, зөвлөх, продюсер нарын гаргасан шалгуурын дагуу нийт 10 төслийг эцсийн шатанд шалгаруулж байсан.

Бид өнгөрсөн жилийн амжилт дээрээ тулгуурлан 2024 онд Дэлхийн алдарт кино уран бүтээлчдийн өлгий Америкийн САНДЭНС КИНО НААДАМ болон КИНОНЫ НҮҮДЭЛ хамтран Монголд анх удаа кино уран бүтээлчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн болсоныг та бүхэнд дуулгахад таатай байна. Бидний хувьд энэ бол мөрөөдөж явсан 3 жилийн ажил бүтсэн сайхан явдал юм.

Сандэнс наадмын 40 жилийн ой энэ жил тохиож байна. Би өнгөрсөн 1-р сард тус наадамд уригдан очиж, Монгол уран бүтээлчдэд зориулсан тусгай сургалтын хөтөлбөрийг эхлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Киноны Нүүдэл болон Сандэнс Коллаб хамтран манай хөтөрбөрийн өнгөрсөн жилийн үр дүн оролцогдоос авсан судалгаа, олон улсын багш нарын зөвлөгөөний дагуу КИНО ЗОХИОЛ, КИНО НАЙРУУЛГА, КИНО ПРОДЮСЕР чиглэлийн Мастер класс хичээлээс бүрдсэн багц хөтөлбөрийг сонгон Монгол хэлнээ орчуулан хүргэхэд бэлэн болсонд маш их баяртай байна.

“FILM NOMAD 2024” сургалтын багшлах бүрэлдэхүүн болон хөтөлбөрийн агуулгын талаар?

Мастер хичээлийг дэлхийн кино урлагийн томоохон төлөөлөгч уран бүтээлчид болох Эммигийн шагналт THE WALKING DEAD, RAY DONOVAN, TRUE BLOOD, MAD MEN, GILMORE GIRLS, PETTY LITTLE LIARS, NOW AND THEN найруулагч, продюсер Лесли Линка Глаттер, Венецийн кино наадмын нэр хүндтэй Алтан арслан хүртсэн анхны эмэгтэй найруулагч, Эммигийн шагналт Мира Найр, Марвелын SHANG-CHI БА АРВАН БӨГЖИЙН ДОМОГ киноны найруулагч Дестин Даниел Креттон зэрэг 10 шилдэг кино уран бүтээлчид сургалтыг удирдан явуулна.

Сургалт тус бүр 3 цаг үргэлжлэх ба нэмэлтээр Санденс Лаб буюу төсөл хөгжүүлэх хөтөлбөрийн 6 хичээл мөн кино төсөл хөгжүүлэхтэй холбоотой дэлхийн хамгийн их амжилт гаргасан орчин цагийн кино урлагийн 10 гаруй эх кино зохиол, кино төслийн танилцуулга, төсөв, стратеги гэх мэтчилэн 30 гаруй гарын авлага болох нэмэлт материал багтсан. Энэ бүгдийг бүтэн суралцах хугацаа нь 1 жилийн хугацаа учир бид 365 хоногийн эрх олгож байгаа билээ. Оролцогчид орон нутагт болон интернет ашиглан Монгол улсын хаанаас ч энэхүү хичээлд хамрагдах боломжтой. Мөн хичээлээ 1 жилийн хугацаандаа өөрийн боломжит цагаар нөхөж, давтан үзэх боломжтой юм.

Энэхүү сургалтын хүрээнд кино төслийн сонгон шалгаруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн байсан. Тэр талаар мэдээлэл өгөөч.

Энэхүү мастер хичээлийг үзэж суралцаж байх хугацаандаа буюу 2024 оны 12 сард Та бүхэн кино төслийн уралдаанд оролцох боломжтой болох бөгөөд шилдэг 10 төслийн 20 уран бүтээлчийг 2025 оны 2-р сард шалгаруулж, дараагийн Сандэнсийн 8 долоо хоногийн кино зохиол болон кино продюсерын сургалтанд хамруулна. Хөтөлбөрийг дараагийн шат болох Олон улсын кино төсөл танилцуулах Галт тэрэгний аялалыг 2025 оны 7-р сарын 1-3 хооронд зохион байгуулж шалгарсан 10 төслөөс шилдэг 2 төслийг 2025 оны 7-р сарын 4-нд зохион байгуулагдах Олон улсын кино форумын үеэр зарлах болно. Шилдэг хоёр төсөл нь цаашид олон улсын зөвлөх, Киноны нүүдлийн багийн тусламжтайгаар олон улсад төслөө хөгжүүлэх боломж нээгдэх юм.

Сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?

2024 оны 10-р сарын 14 хүртэл Киноны Нүүдлийн цахим хаягаар https://filmnomad.mn/apply/ бүртгүүлэхийг урьж байна. Ирсэн хүсэлтийг олон улсын кино уран бүтээлчдээс бүрдсэн сонгох шалгаруулах хороо шалгаруулж 10-р сарын 14-нд зарлана.

Мөн САНДЭНС КОЛЛАБ x КИНОНЫ НҮҮДЭЛ хамтарсан сургалтын нээлтийг 2024 оны 10-р сарын 18-нд УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ-тай хамтран зохион байгуулна. Тус өдөр зөвхөн САНДЭНС КОЛЛАБ багийн төлөөлөл АНУ-аас холбогдож Киноны нүүдлийн багтай хамт сургалтын бүтэц, агуулгын тухай танилцуулга хийх ба тус өдөр бүх шалгарсан уран бүтээлчид Санденсийн нэрийн дансаа нээж, Киноны нүүдэл хөтөлбөртэй гэрээ байгуулна.

“FILM NOMAD 2024” сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.