АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

АНУ-ын шинэ тэргүүн хатагтай Жилл Байдены хувцаслалт юу өгүүлэв

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн лхагва гарагт тангаргаа өргөснөөр албан ёсоор ажлаа хүлээж авч, Цагаан ордонд байрлах болсон. Тэгвэл түүний эхнэр Жилл Байден Америкийн шинэ тэргүүн хатагтай боллоо.

. Тангараг өргөх ёслолын хүрээнд явагдсан арга хэмжээнүүдэд Жилл Байден гурван өөр өнгийн хувцас өмссөн. Түүний сонголт олон янзын соёлыг нэг дор багтаасан, хувцас дизайны чадварлаг сонголтыг харуулж, хөгжин дэвжихийг илэрхийлсэн хувцас загварын дипломат ажиллагааг Америкийн улс төрийн тавцанд эргэн авчирсан гэж ажиглагчид дүгнэж байна.

Нил яагаан өнгө – Эв нэгдэл

Тангараг өргөх ёслолын өмнөх өдөр АНУ-д цар тахлын улмаас нас барсан 400,000 хохирогчийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцохдоо тэргүүн хатагтай Нью-Йоркийн загвар зохион бүтээгч Жонатан Кохены нил ягаан өнгийн хүрэм, даашинзаар гангарсан. Жонатан Кохен нь байгальд хог үлдээдэггүй, эрх тэгш тогтвортой байдлыг эрхэмлэгч гэдгээрээ алдартай. Тэргүүн хатагтайн хүрмийг даавууны хаягдлаар хийсэн ба нил ягаан өнгө нь Ардчилсан намыг илэрхийлдэг хөх цэнхэр, Бүгд найрамдахчуудыг илтгэдэг улаан өнгөний нийлэмжээс үүсдэг байна. Энэ өнгийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр Хиллари Клинтон, Мишель Обама, Камала Харрис зэрэг олон хүн сонгожээ.

Залуу авьяастнуудыг дэмжинэ

Тангараг өргөх өдрийн өглөөний арга хэмжээн дээр твид бөс даавуугаар хийсэн хамба хилэн ханцуйвч захтай хүрэм, Сваровски шигтгээ, сувдан чимэглэлтэй даашинзаар гоёжээ. Мөн хувцасныхаа өнгө загварт тохируулсан амны хаалт зүүсэн байв. Уг амны хаалтыг Америкийн Маркариан брэндийн загвар зохион бүтээгч Александра О’Нейль хийсэн бөгөөд тэрээр “хатагтай Байденд гүнээ хүндлэл үзүүлж байна. Америкийн түүхийн жижигхэн хэсэгт багтсан нь нэр төрийн хэрэг” хэмээн сэтгэгдэлээ үлдээжээ.

Бодлогошронгуй цагаан өнгө

Тангараг өргөх ёслолын арга хэмжээний дараа үдшийн тоглолтын үеэр шинэхэн тэргүүн хатагтайн даашинз, хүрэм, бээлий гээд бүгд Габриела Харстын цагаан өнгийн гоёлууд байлаа. Уругвайд төрсөн Нью-Йоркод амьдардаг загвар зохион бүтээгч Габриела Харст 2015 оноос хойш эмэгтэйчүүдийн хувцасны брэндээ таниулж эхэлжээ. Тэрээр саяхнаас Chloe тансаг зэрэглэлийн загварын ордны уран бүтээл эрхэлсэн захирлаар ажиллах болжээ. Хатагтай Байден уг загвар зохион бүтээгчийн хувцсыг гурван жилийн турш өмссөн бөгөөд цаг уурын хямралыг өөрийн өнгөний сонголтоороо сануулж, хувцас загварын тал дээр илүү ухамсартай хандахыг уриалсан явдал хэмээн бичиж байна.

Эх сурвалж: CNN


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.