ЦЕГ: Боксчин Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нарыг хар тамхины хэргээр огт шалгаагүй

Монгол Улсын шилдэг боксчид болох Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нарыг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үед нь цагдаагийн алба хаагчид саатуулж, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас үргэлжлүүлэн шалгаж байна гэх мэдээллийг ЦЕГ-аас эрс үгүйсгэлээ.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Цагдаагийн алба хаагчид энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Э.Цэндбаатарыг нүцгэн явж байх үед нь саатуулж, мэдүүлэг аваад тэр даруй ар гэрийнхэнд хүлээлгэн өгчээ.

Мөн түүнд зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ямар ч зүйл байхгүй. Саатуулах үедээ Э.Цэндбаатараас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан нь үнэн. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх шинжээчийн дүгнэлт ч гараагүй байхад хэрэглэсэн мэтээр бичиж байгаад харамсаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь дурдагдаад байгаа МУГТ Н.Төгсцогтыг баривчлан саатуулах нь бүү хэл дуудаж мэдүүлэг ч аваагүй” гэв.

Э.Цэндбаатарыг нүцгэн явж байгаа бичлэг, зураг тарсны дараа түүнийг Эрдэнэт хотод олон залууст зодуулж толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас дээрх үйлдлийг хийсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тухайн мэдээллийг боксын спортоор хичээллэдэг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас тодруулахад “Боксчин Э.Цэндбаатар сая Эрдэнэт хотод болсон “Супер-8” тэмцээнд оролцож эхний тулаанаа хийчихээд орой нь найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул дасгалжуулагч н.Эрдэнэбат түүнийг тэмцээний дундуур согтууруулах ундаа уулаа гэж ганц хоёр цохисны улмаас оёдол тавиулсан гэж сонссон. Ямар нэгэн байдлаар олон хүмүүст зодуулсан зүйл байхгүй” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.