Ковидын халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн гурван хүнд ял шийтгэлээ

Ковидын халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн гурван хүнд ял шийтгэлээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клиникомедикал центр” эмнэлэгт био анагаах судлаачаар ажиллаж байсан Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг болон иргэн Д.Мөнхчимэг, Г.Банзрагч, С.Оюунбилэг нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уржигдар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэн Д.Мөнхчимэг дэлхий нийтийг хамарсан цар тахлын жил буюу 2021 онд дээрх эмнэлэгт коронавирусний шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан ч тэрбээр “Клиникомедикал центр” эмнэлэгт био анагаах судлаач Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг нарт 100 000 төгрөг өгөөд “сөрөг” гэсэн хариу авсан байна. Мөн Э.Элбэгбулаг нь түүнээс гадна М.Доржсүрэн гэдэг хүний шинжилгээний хариуг “сөрөг” хэмээн гаргаж өгөөд 50 000 төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ. Уг нь цар тахлын жилүүдэд мөрдөж байсан хууль журмаар бол коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан сэжигтэй тохиолдолд тусгаарлаж, ХӨСҮТ-д шуурхай мэдэгдэх, мэдээллийн нэгдсэн сүлжээнд бүртгэж, хавьтал зэргийг илрүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой байж. Гэвч “Клиникомедикал центр” эмнэлэгт био анагаах судлаач Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг нар үүнийг хэрэгжүүлээгүй нь “Ковид-19”-ийн халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн байна.

Тиймээс Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг, Д.Мөнхчимэг нарт Эрүүгийн хуулийн 15.6-1-ийн “Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан аж. Мөн Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг нарыг хахууль авсан, Д.Мөнхчимэгийг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Энэ хэргийн холбогдогч Д.Мөнхчимэг нь Турк улс руу явах боломжгүй болсон тул өөрийнхөө зураг, мэдээллийг бусдын паспортод ашиглуулж, хуурамч гадаад паспорт С.Оюунбилэг, Г.Банзрагч нараар хийлгэсэн гэнэ.

Шүүх эл хэргийг хэлэлцээд Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг нарыг хахууль авсан, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар хахууль авсан хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, таван сая, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн үйлдэлд нь гурван саяар торгох ял оноож, нийт найман сая төгрөгийг зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ. Д.Мөнхчимэгийг тэдэнд хахууль өгсөн, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн хэрэгт нь тус бүр гурав, хуурамч бичиг баримт үйлдсэнд нь хоёр сая төгрөгөөр (нийт найман сая) торгох ял оноов. Гадаад паспортыг хуурамчаар гардан үйлдсэн Г.Банзрагчид хоёр, хамтран оролцсон С.Оюунбилэгт нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн дотор төлүүлэхээр боллоо.

Жич: зургийг ХОУ-аар зурсан болно 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.