Непалд гамшгийн араас гамшиг тохиолдсоор байна
Непал даяар үргэлжлэн орсон аадар борооны улмаас их хэмжээний үер болон хөрсний гулгалт үүсэж, одоогийн байдлаар 27-35 хүн амиа алдаж, 14 орчим хүн сураггүй болоод байна.
Тус улсын цагдаагийн газар болон Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний газрын мэдээлснээр есдүгээр сарын 24-нөөс эхлэн орсон хур тунадасны улмаас 15 гаруй иргэн бэртэж гэмтсэн бөгөөд олон зуун айл өрх орон гэргүй болжээ.
Уулархаг болон баруун бүсийн дүүргүүд байгалийн гамшигт хамгийн их өртөөд байна. Баглунг дүүрэгт 10-12, Мягдид 6-7, Палпад 5, Мананг дүүрэгт дөрвөн хүн амь эрсэджээ. Түүнчлэн Макванпур, Дхадинг, Кавре, Ролпа зэрэг бүс нутагт хохирол бүртгэгдэж, нийт 540 гаруй гамшгийн тохиолдол тэмдэглэгдсэн байна. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 1080 гаруй өрх хохирч, 227 гаруй байшин бүрэн сүйдсэн тул 2000 гаруй оршин суугчийг аюулгүй байршилд яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Улмаар дэд бүтцийн салбарт ноцтой хохирол учирчээ. Мустанг болон Кали Гандаки голын сав газарт уулын хөрс нурснаар голын урсгал түр хаагдаж, эрэг дагуух суурингууд усанд автсан байна.
Тээвэр, харилцаа холбооны хувьд нийт 31 гүүр эвдэрч сүйдсэний дотор Сянгжа болон Гулмиг холбосон төв гүүр багтаж байгаа юм. Зам тээврийн гол зангилаанууд шавар, хөрсний нуралтад хаагдсанаар эрчим хүч, холбоо тасарч, 144 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа лаг шаврын улмаас зогсоход хүрээд байна.

Түүнчлэн хойд бүс нутаг дахь Химлунг Химал оргилын бэлд байрлах уулчдын түр бааз цасан нурангид дарагдсан харамсалтай явдал гарчээ. Аврах багийнхан нурангин дороос 2-4 хүний цогцсыг гарган авсан бөгөөд 10-12 уулчин болон ажилтан сураггүй хэвээр байна. Непал улс наймдугаар сарын сүүлээр 1400 гаруй хүний амь насыг авч одсон мөсөн голын үерийн хор уршгийг даван туулж амжаагүй байх үед энэхүү шинэ гамшиг тохиосон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Цаашид аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалах зорилгоор Непалын арми, цагдаагийн хүчин нисдэг тэрэг, завь ашиглан алслагдсан бүс нутгуудад ажиллаж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний газраас үерийн аюулыг урьдчилан сэрэмжлүүлэх хугацааг 48 цаг болгон сунгаж, эрсдэлт бүсийн оршин суугчдыг үргэлжлүүлэн нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.