Ц.Идэрбат: Монгол Улс анх удаа 13-14 мянган тонн хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ

AI хөрвүүлсэн

УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идбэрбат улсын төсвийн тодотголоор тус салбарт хуваарилсан хөрөнгө оруулалт болон улаан буудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээллээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: 

-Төсвийн тодотголоор хөдөө аж ахуйн салбарт тусгагдсан 150 тэрбум төгрөг нь нэг жилийн хугацаанд зээл болоод дуусах бус, цаашид тус салбарт байнгын эргэлтэд байх санхүүгийн томоохон эх үүсвэр болж байгаа. Түүнчлэн Хөдөө аж ахуйн корпорацад өр, авлагагүй 50 орчим тэрбум төгрөгийн будааны нөөц байгаа. Үүнийг нэмснээр нийт 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдэж байгаа. 

Энэ эх үүсвэрээс улс жилд 100 мянган тонн улаан буудай худалдан авахад 120 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн нь газар тариалангийн салбарт томоохон дэвшил авчирна гэж үзэж байна. Тариаланчдын хувьд ургацаа хураасны дараа борлуулалтын суваг тодорхойгүй байдаг асуудлыг шийдвэрлэж, улс 100 мянган тонныг нь худалдан авахаар болсон нь чухал ач холбогдолтой. Ингэхдээ аль нэг компаниас их хэмжээгээр худалдан авалгүйгээр, тариалсан талбайн хэмжээтэй нь хувь тэнцүүлэн том, жижиг тариаланчдаас тэгш худалдан авах, үйл явцыг бүрэн ил тод байлгах зарчим баримтална. Мөн малын тэжээл бус гурилын зориулалттай сайн чанарын буудай авах бөгөөд буудайн ангилал дээр ямар нэгэн зөрчил, будлиан гаргахгүй байх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хатуу анхааруулга өгсөн. 

Монгол Улс анх удаа Хөдөө аж ахуйн корпорацаар дамжуулан 13-14 мянган тонн хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Үүнд төмс, сонгино, лууван, манжин зэрэг дөрвөн нэр төрлийн гол ногоо багтаж байна. Хүнсний инфляц, тэр дундаа мах болон хүнсний ногооны үнийн өсөлт өндөр байгаа үед төрийн зүгээс үнийн өсөлтийн эсрэг зохицуулалтын арга хэмжээ авах боломжгүй байсан бол энэхүү нөөц бүрдүүлэлт хийгдсэнээр зах зээлийг тогтворжуулах хөшүүрэг бий болох юм.

Энэ шийдвэр нь зах зээлийн хангамжийг найдвартай бүрдүүлэхээс гадна тариаланчдад "захиалгат тариалан"-гийн тогтолцоог нэвтрүүлэх анхны суурийг тавьж буй хэрэг. Уг нөөцийг бүрдүүлэхдээ салбарыг олон арван жил авч яваа Төв, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг газар тариалангийн гол бүс нутгийн тариаланчдаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан, ил тод зарчмаар зохион байгуулж худалдан авахаар тооцсон гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.