Япон Улс Ормузын хоолойн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хэлэлцэхийг уриаллаа
Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимэцү НҮБ-ын төв байранд болсон далайн хамтын ажиллагааны сайд нарын уулзалтын үеэр дэлхийн эрчим хүчний тээврийн гол зангилаа болох Ормузын хоолойн асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгээр нээлттэй хэлэлцүүлэхийг уриаллаа.
"Аюулгүй, тогтвортой далайн бүсийг бий болгохын тулд далайн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдэвт уг хурлыг Япон, Нидерланд, Эстони, Филиппин, Канад, Бахрейн улсууд болон Европын Холбоо хамтран даргалж, нийт 53 улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтын гол цөм нь дэлхийн газрын тос, эрчим хүчний худалдааны стратегийн гарц болсон Ормузын болон Баб эл-Мандебын хоолойд үүссэн хурцадмал байдал, усан замын саатлыг бууруулах асуудал байв.
Гадаад хэргийн сайд Мотэги Тошимэцү уг хоолойн ирээдүйг эргийн дагуух орнууд, уг замаар тээвэрлэлт хийдэг хэрэглэгч улсууд болон Олон улсын далайн байгууллага (IMO) зэрэг бүх талууд хамтран хэлэлцэх ёстойг цохон тэмдэглэв. Түүнчлэн усан тээврийн чөлөөт, аюулгүй байдлыг сэргээх шаардлагатайг дурдаж, хоолойгоор дамжин өнгөрөхөд ямар нэгэн нэмэлт төлбөр, хураамж ногдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.