"Улаанбаатар марафон 2026"-д түрүүлсэн Кени Улсын тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ

"Улаанбаатар марафон 2026"-д түрүүлсэн Кени Улсын тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн тэмцээн энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан. Тус тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдсон байна. 
 
Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм.
 
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байгаа аж. 
 
Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.