БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурван жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт АНУ-д гурван өдрийн төрийн айлчлал хийхээр нийслэл Вашингтон хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг Мэриленд муж дахь Эндрюсийн цэргийн баазад газардах үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трампын хамт нислэгийн зурвас дээр биечлэн угтан авсан байна.
Хүндэт зочдыг угтах ёслолд зориулан 100 фут урт улаан хивс дэвсэж, хүндэт харуул, цэргийн үлээвэр найрал хөгжим жагсан, их буугаар 21 удаа ёслолын буудлага үйлдсэн бөгөөд агаарт B-1 стратегийн бөмбөгдөгч онгоц нисгэн хүндэтгэл үзүүлжээ. C-SPAN сувгийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч гадаадын төрийн тэргүүнийг Эндрюсийн цэргийн баазад биечлэн угтсан тохиолдол сүүлийн 11 жилд гараагүй бөгөөд хамгийн сүүлд 2015 онд Барак Обама Ромын Пап Францискийг ийнхүү хүлээн авч байсан түүхтэй.
Айлчлалын үеэр худалдааны салбарт нааштай шийдвэр гарч, талууд тарифын түр зогсолтын хугацааг хоёр сараар сунгах тохиролцоонд хүрснийг АНУ-ын Сангийн сайд мэдэгджээ. Өмнөх онд байгуулсан Пусаны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байсан, 11 дүгээр сарын 10-нд дуусгавар болох хуваарьтай 11 сарын худалдааны завсарлагыг ирэх оны нэгдүгээр сарын 10 хүртэл сунгахаар болсон байна.
Хоёр их гүрний удирдагчдын хэлэлцээний үндсэн сэдэвт тарифын асуудал болон хөдөө аж ахуй, агаарын хөлгийн худалдан авалтаас гадна технологийн өрсөлдөөн, хиймэл оюун ухааны яриа хэлэлцээний албан ёсны механизм бүрдүүлэх асуудал, Тайвань болон Ирантай холбоотой геополитикийн хүчин зүйлс багтаж байгаа аж.
Хятадын Элчин сайдын яамны мэдэгдэлд Ши Жиньпин "Хятад, АНУ хоёр өрсөлдөгч биш, харин түнш байх ёстой" хэмээн тэмдэглэж, дээд хэмжээний уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Ши Жиньпинийг газардсан даруйд Хонконг руу чиглэл өөрчлөн хүргэгдсэн F-35 сөнөөгч онгоцны нууц эд ангийг Хятадын тал хураан авсан тухай мэдээлэл цацагдсан нь талуудын дундах стратегийн санал зөрөлдөөн өндөр хэвээр байгааг илтгэж байна.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.