- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
NTV телевизийн “Өөр өнцөг” хэлэлцүүлэг НӨАТ-ын урамшууллыг нэмэх асуудлаар өрнөлөө. Онцлох байр сууриудаас товчлон хүргэе.
НӨАТ бол албан татвар. Бүх нийтээрээ шударгаар, бага татвар төлөх ёстой. Сангийн яамны хувьд далд эдийн засгийг илрүүлэх нь татварын орлого цуглуулахаас илүү чухал ажил. Урамшууллыг нэмснээр төсөвт 615 тэрбум төгрөгийн ачаалал ирэх тооцоо бий. Үүнийг бүрдүүлэхийн тулд 13 их наяд төгрөгийн далд эдийн засгийг нээж, шинээр бүртгэх хэрэгтэй болно. Ийм дүнтэй далд эдийн засаг байгаа нь үнэн хэдий ч богино хугацаанд нээх боломжгүй. Татварын асуудал бол мэргэжлийн түвшний эмзэг асуудал юм.
Хаана ч орсон НӨАТ-тай, НӨАТ-гүй авах уу гэсэн сонголтыг өгч байна. Хууль зөрчиж болдог, зөрчсөн нь хожиж, биелүүлсэн нь хохироод үлддэг, төр нь үүнийг зөвшөөрдөг гэх буруу зүйл рүү нийтээрээ яваад байна. Төр татвар хурааж, зөв зарцуулах үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Тэр төсөвт ачаалал ирэх 600 тэрбумаа үргүй зардлаа танаж бий болго. Иргэдээс санал авах нь зөв. 100 мянган иргэн 5 хоногт үүнийг дэмжлээ. Иргэд, ААН цөхөрч, юу хүсч, гуйж байгаагийн л илрэл. Энэ санал иргэдийн хувьд тулсан асуудал тул хуулийг баталж өгөөч ээ.
Иргэд хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлэх ёстой. НӨАТ олгох 381 мянган цэг бүртгэлтэйгээс 126 мянган цэг баримт олгож байна. 2015 оноос НӨАТ-ын урамшууллын бодлого нэвтэрсэн. Энэ бодлого үр дүнгээ өгч байгааг статистик үзүүлэлтүүд тодорхой харуулж байна. Бүх л үзүүлэлтүүд сайжирч байгаа. Бодлого зөв явж байгаагийн л илрэл. Хамрагдалтыг нэмэхийн тулд захиргааны арга хэрэгсэл ашиглах нь буруу гэх ОУ-ын хандлага байгаа. Харин хялбаршуулалт руу гол анхаарлаа хандуулж байна.
Бизнест ирж байгаа татварын дарамт өндөр байгаа. Буцаан олголт бизнесүүдэд шууд нөлөөгүй ч зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох тогтолцоо тул бид дэмждэг. Тандалт хийж үзэхэд НӨАТ-гүй худалдан авалт хийх сонголттой иргэдийн 65 хувь нь тулгарч байсан гэж хариулсан. Энэ асуудал нийтлэг болж байна гэсэн үг. Урамшууллыг нэмэх замаар үүнийг өөрчлөх боломжтой. Бодит байдал дээр иргэд 2 хувиа ч буцааж авдаггүй. 2022 оны дүнг харвал өгсөн НӨАТ-ын 0.4 хувиа л гар дээрээ буцаан авч байгаа. 3 хувийн буцаалт нэмэгдвэл эргээд л худалдан авалт болж, эдийн засгийн эргэлт рүү орж, дэмжинэ.
Монгол улс бага татвартай орон. Татварын асуудал өөрөө нарийн. Цэвэр татварын өнцгөөр харвал НӨАТ бол солилцооноос авдаг, суурь өргөн, татварын ачааллын хувьд харьцангуй жигд тархаагддаг, асуудал харьцангуй багатай татвар юм. Татвар болон НӨАТ-ын бодлогод сайжруулах олон зүйлс бий. Системээр нь аваад үзвэл болохгүй байгаа номер нэг асуудал бол гэхдээ хувь хэмжээ биш юм. Орлогоо бууруулаад дараа нь зардлаа бууруулж чадахгүй алдсан түүх дэлхийд их бий. АНУ 80-аад онд болон Маргерет Тетчер ч чадаагүй.
Татварын хувь хэмжээ Монголд өндөр байгаа тул татвар бууруулах шаардлага хэдийнэ үүссэн. Татвараас бүрддэг төсвийн эдийн засагт эзлэх хувь 40 хувь дөхөж байна. Энэ хэрээр хувийн хэвшил шахагдаж орон зайгүй болж байна. Төр их мөнгөтэй байхаар юу болдгийг бид харсан. Төсвийн зардал нэг жилд 7 их наядаар өссөн. Үнэхээр ач холбогдолтой, шаардлагатай зүйлс харамсалтай нь алга. Төрийн бодлогод иргэдийн саналыг тусгаж, оролцох боломжийг нээсэн энэ систем бол зөв зүйл. Энэ бол ардчилал. 100 мянган иргэний дэмжсэн саналыг парламент яагаад хэлэлцэж болохгүй гэж? Гэхдээ шийдвэр гаргах асуудал төлөөллийн ардчилал буюу УИХ-д хадгалагдаж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.