Жо Байден: "ОХУ Украинд дуунаас хурдан пуужин ашигласан"
ОХУ-ын цэргийн хүчин Украинд дуунаас хурдан пуужин ашигласан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Киевийн хүчтэй эсэргүүцлийн улмаас Оросын арми зогсонги байдалд орсон тул Ерөнхийлөгч Путин ийм алхам хийхээс өөр аргагүйд хүрсэн гэж тэрээр онцолсон байна.
Кремль ийм зэвсэг ашигласан эсэх нь тодорхойгүй байгаа гэж Пентагоны албаныхан өмнө нь мэдэгдээд байсан ч ноён Байден уг мэдээллийг өнөөдөр батлан, "Москва дуунаас хурдан пуужингаар л туйлын итгэлтэй халдлага хийж чадах тул үүнийг ашигласан. Энэ бол үр дагавартай зэвсэг бөгөөд зогсоох бараг боломжгүй гэдгийг та бүгд мэдэж байгаа" хэмээн тэмдэглэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн "Дайн тэдний төлөвлөж байснаас удаан үргэлжилж байгаа учир Ерөнхийлөгч Владимир Путин ийм зэвсэг ашиглахад хүрсэн. Путины буланд шахагдаад байна гэсэн үг. Тэр бидний эв нэгдлийн цар хүрээ, хүч чадлыг таамаглаагүй" гэж хэлсэн байна.
ОХУ Украинд өнгөрсөн 2 дугаар сарын 24-нд түрэмгийлж эхэлсэн хэдий ч Барууны дэмжлэгтэй орон нутгийн хүчтэй эсэргүүцлийн улмаас цэргийн үйл ажиллагаа нь бараг зогсонги байдалд ороод байгаа билээ.
Эх сурвалж: UPI
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.