Д.Сумьяабазар: ПСР шинжилгээний хариу 72 цагт хүчинтэй гэж хэн гэгч ухаантан нь хэлэв?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар НОК-ын гишүүдтэй уулзаж, заавар чиглэл өглөө.
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс /2021.02.15/ эхэлж ажиллах зөвшөөрөлтэй 14 байгууллагын ажилтан албан хаагчид заавал ПСР шинжилгээ өгч байж хөдөлгөөнд оролцох болсон. Гэнэт гаргасан энэ шийдвэрээс болж өнөөдөр өглөө ажилдаа явах гэсэн иргэд буцаж, шинжилгээ өгөх цэгүүдэд оочер дараалал ихээр үүсэж байна. Мөн замын цагдаа нар болон эргүүлд гарч буй төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 11-ээс хойш ПСР шинжилгээ өгсөн бол хүчинтэй, 08-ны өдрөөс хойш өгсөн бол хүчингүй гэх шаардлагыг тавих болсон. "Нэг өрх-нэг шинжилгээ" аяны хүрээнд болон төрийн албан хаагчдыг нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулсан ч тэдгээр шинжилгээг хоёрдугаар сарын 08-аас хойш өгсөн бол хүчингүй гэж байгаа ажээ.
Иргэд гомдол саналаа 1800-1200 дугаарт хандаж өгөх боломжтой
Энэ асуудалд НОК-ын дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар бухимдаж байгаагаа илэрхийлж, шүүмжиллээ. Тэрбээр, "Өчигдөр та хэдэд маш тодорхой үүрэг өгсөн. Гэтэл асуудал хүндрээд байна.
ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй гэдгийг хаанаас хэн гаргаж ирэв? Нийслэлийн мэдээ болон холбогдох удирдлагуудтай яриад хоёрдугаар сарын 08-аас төрийн албан хаагчид ПСР шинжилгээ өгч эхэлсэн. "Нэг өрх-нэг хаалга" шинжилгээнд хамрагдаж байгаа иргэд энд бүгд орсон. Эхний ээлжинд төрийн албан хаагчдаа оруулаад, дараа нь дүүрэг дүүрэгт байгаа голомтолсон хэсгүүдээ барьж авахаар 134 блок руу орсон. Энэ блокын үйл ажиллагаа явагдаад дууссан. Үүний дараа харьцангуй тархалт буурсан тул дүүрэг дүүрэгт самнах үйл ажиллагаа эхэлсэн. Шинжилгээг өрхүүдээс болон хүн бүрээс авчих юм байна. Үүний араас вакцинаа залгаад хийхэд боломж байна гэж тооцоолсон. Үүнийг өдөр бүр шахуу хэлж байна.
Д.Сумьяабазар: "Нэг өрх-Нэг шинжилгээ"-нд тухайн өрхийн нэг иргэн хамрагдсан бол бусад нь тэр бичгээ аваад дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэх эрхтэй. Тэр бичиг тухайн өрхийн иргэн бүрт хүчинтэй
Гэтэл яагаад энэ шийдвэр хоёрдугаар сарын 11 болж өөрчлөгдөв? Хоёрдугаар сарын 08-аас хойш шинжилгээ өгсөн төрийн албан хаагчид, ажиллах зөвшөөрөлтэй байгууллагын ажилтнууд өрхийнхөө хамрагдсан бичгээ үзүүлээд явах ёстой. Тухайн шинжилгээний хариу өнөөдөр ч хүчинтэй. Хүн бүрээс ПСР авна гэж хэн гэгч ухаантан нь хэлчихэв. Наад мангар ярианаас чинь болоод томоохон үйлчилгээний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид дахиад шинжилгээ өгөх гээд зогсож байна. Шинжилгээний хариу 72 цаг дотор хүчинтэй гэж хэн гаргав? ЭМЯ, Эрүүл мэндийн газар, цагдаагийн газраас тийм чиглэл өгсөн гэж ярьж байна. Та нарт яаж хэлэх юм бэ. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг" гэлээ.
-Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Манай газар болон ЭМЯ-аас хоёрдугаар сарын 08-аас хойш хийсэн ПСР шинжилгээ хүчин төгөлдөр байна гэдгээ Нийслэлийн мэдээгээр дамжуулж нийтэд мэдээлсэн. 72 цаг гэдгийг мэдэхгүй.
-Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар: Тэр буруу мэдээлэл гаргасан хүнийг ол. Эзэн биегүй болчихлоо. Замын цагдаа дээр хэн ийм чиглэл өгөв?
-Замын цагдаагийн газар: Манай газарт хоёрдугаар сарын 11-ээс хойшхи ПСР шинжилгээ нэх гэсэн чиглэл өгөөгүй.
-Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар: Хэргийн эзнийг олоод мэдэгд. Хоёрдугаар шатны эмнэлэг юм уу, ЭМЯ юм уу гэдгийг тодруул. Хариуцлага тооц. Бид 412 420 өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Илүү гарвал лабораторийн хүчин чадал дийлэхгүй. Улаанбаатар хотын 1.539.000 сая иргэнээс шинжилгээ авна гэж та нарт хэлээгүй шүү. Та нарын наад ажлаас болж бид бүгдээс нь шинжилгээ авах юм байна л даа.
Би хар толгойгоороо хариуц барь гэсэн сүржин даржин юм ярихгүй. Ажлаа хийж чадахгүй бол өөртэй чинь биш албан тушаалтай чинь хариуцлага тооцно шүү.
Автобусаар зөвшөөрөгдсөн 14 байгууллагын албан хаагчид явна гэдэг мэдээллээ сайн өг. Эмнэлэгт хандах иргэд 2-р шатлалын эмнэлэгт хандах цаг авсан бичиг, ПСР шинжилгээний хариугаа үзүүлээд нийтийн тээврээр зорчиж болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.