Э.Мөнхнаран төрийн албаны машин унаж яваад осол гаргасан талаараа мэдүүлэг өгч байна
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдлээ.
Ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна.
Холбогдох байгууллагууд ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан оcoл гаргасан "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol машины жолооч Э.Мөнхнаран нараас мэдүүлэг авч байгаа ажээ.
Тодруулахад, осол гаргасан Nissan Patrol машины жолооч Э.Мөнхнаран нь БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирлаар ажилладаг нэгэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Осол болох үеэр унаж явсан машин нь төрийн албанд бүртгэлтэй байсан бөгөөд ажлын бус цагаар ямар шалтгаанаар уг машиныг унаж явсан талаараа мэдүүлэг өгч байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.