Төрийн тугийг цэнгүүлдэг хээр зүсмийн дөрвөн адуу хулгайд алдагдсан уу
ЗХЖШ-ын харьяа Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хамгаалалтад байдаг төрийн өндөг цагаан шүтээн 10 адуу, төрийн их тугийг хамгаалах дайчдын унаж хүлэглэдэг 56 тооны хээр зүсмийн адуу байдгийг Монголын ард иргэд мэднэ.
Гэвч тэрхүү "56 тооны хээр зүсмийн адууны дөрөв нь 2020 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр гэнэт алдагдлаа. Алдагдсан дөрвөн адууны нэг нь төрийн их сүлдийг хамгаалагчдын ахлагчийн унадаг адуу байсан" гэдгийг эх сурвалж хэллээ.
Төрийн хамгаалалтад байдаг шүтээн алга болсны дараа "тухайн адуунуудыг хариулдаг байсан хоёр цэрэг Улаанхуарангийн хойд дэнжийг өдөр шөнөгүй самнаж, тэр хавийн малчин айл нэг бүрээр орж сурагласан боловч олоогүй тул өөрсдөө хохирлыг барагдуулж хээр зүсмийн адуугаар хохирлоо барагдуулсан" хэмээн эх сурвалж хэллээ.
Мөн тэрбээр маш ноцтой энэхүү үйлдлийг нуун дарагдуулахын тулд Зэвсэгт хүчний 032-р ангийн дарга удирдлагууд төрийн дөрвөн шүтээн хулгайд алдагдсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэсэн юм.
Уг мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний 032-р ангийн захирагч Хурандаа Ж.Мөнхбаяртай утсаар холбогдож “Танай ангийн хамгаалалтад байдаг хээр зүсмийн 56 адууны дөрөв нь хулгайд алдагдсан гэсэн. Адуугаа олсон уу” асуухад “Адуу алдагдсан гэх хэргийг би огт дуулаагүй. Тухайн адуунуудыг 232-р ангийнхан хамгаалж, хариулж байгаа” гэх хариуг өглөө.
Зэвсэгт хүчний 232-р ангийн захирагч Н.Мягмарцоож руу залгасан боловч түүний утас холбогдох боломжгүй байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.