Үндэсний баялгийн сангийн зохицуулалт Монгол болон Казахстанд

Үндэсний баялгийн сангийн зохицуулалт Монгол болон Казахстанд

Монгол, Казахстан хоёр улс газар зүйн хувьд алслагдсан боловч түүх, уламжлал, соёлоороо гүн холбогдох ард түмэн. Казахстан улс нь байгалийн баялаг, эдийн засгийн бүтцийн хувьд Монгол Улстай маш төстэй бөгөөд хоёр улс уул уурхай, байгалийн нөөцөд түшиглэсэн эдийн засагтай гэж үздэг байна. Тэгвэл Монгол, Казахстан улс Үндэсний баялгийн сангаа хэрхэн зарцуулж, үр өгөөжийг нь хүртдэг талаар "Бид & Тэд" буландаа онцоллоо.

Монгол Улс:  Иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, 175 мянган төгрөгийн хуримтлал үүсчээ 

Монгол Улс байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийнхэнд тэгш шударгаар хуваарилах, хуримтлуулах зорилгоор "Чингис хаан Үндэсний баялгийн сан"-г байгуулан, 2024 оноос хууль эрх зүйн хүрээнд шинэчлэн хэрэгжүүлээд байгаа. Энэ хүрээнд манай улс үндэсний баялгийн сангаа дараах төрөлжсөн сангуудаар дамжуулан ашигладаг. Үүнд, Ирээдүйн өв сан. Энэ нь байгалийн баялгийн орлогыг хуримтлуулж, ирээдүй үеийнхэнд зориулсан урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд зарцуулна. Хуримтлалын сангаар одоо амьдарч байгаа иргэдэд баялгийн үр өгөөжийг тэгш хүртээх, ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжих, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг дэмжихэд ашиглана. Хөгжлийн сангийн хувьд улс орны эдийн засагт өгөөжтэй, стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм. 

Баялгийн сангийн ашиглалтын гол зарчим нь бэлэн мөнгө тараахгүй буюу баялгийн сангийн хөрөнгийг  иргэдэд бэлэн мөнгө тараах хэлбэрээр биш, ирээдүйд үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулна.

Уул уурхайн орлогоос бүрдэх зарчим буюу стратегийн ордуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн орлогыг энэ санд төвлөрүүлнэ.

Ил тод байдал буюу “Эрдэнэс Монгол” ХХК-иар дамжуулан менежментийг хийж, сангийн хөрөнгийг улс төрөөс хараат бус, ил тод байлгахыг зорьж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрчээ. Ингэснээр Монгол Улсын иргэн бүрд ногдол ашгийг хуваарилж, нэг иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэжээ.

Харин 2025 оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн байна. Ингэснээр иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, 175 мянган төгрөгийн хуримтлал үүсчээ.

Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай. Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.

Казахстан улс: Баялгийн сангаас жил бүрийн хөрөнгө оруулалтын орлогынхоо 50 хувийг хүүхдийн тусгай хадгаламжийн дансанд байршуулж  эхэлжээ

Улсынхаа хамгийн үнэ цэнтэй хөрөнгүүдийг удирддаг гэдэг утгаараа “Самрук-Казына” Үндэсний Баялгийн сан нь Төв Азийн хамгийн том эдийн засагтай Казахстан улсын тогтвортой байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тус сангийн үйл ажиллагаа, удирдаж буй хөрөнгийн хэмжээ болоод улсынхаа эдийн засагт өгөөжөө хэрхэн өгч байгаа талаар энд дурдая.

“Самрук-Казына” сан нь анх дотоодын эдийн засгийн өрсөлдөөн, тогтвортой байдлыг сайжруулж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн нөлөөг бууруулах тогтворжуулалтын сан хэлбэрээр 2008 онд байгуулагдаж байжээ. “Самрук-Казына” сангийн удирддаг хөрөнгийн хэмжээ 2023 оны байдлаар 71 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь дэлхийн бүхий л Баялгийн сангуудаас 23 дугаарт бичигдэх дүн болохыг “SWF Global”-ийн сүүлийн тайланд дурдсан байна.

Тус улсын Парламентын шийдвэрээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Самрук-Казына” сан жил бүрийн хөрөнгө оруулалтын орлогынхоо 50 хувийг хүүхдийн тусгай хадгаламжийн дансанд байршуулж эхэлжээ. Хүүхэд бүр 18 нас хүртэл хийгдэх энэхүү хуримтлал нь ирээдүйд тэдний орон сууц худалдан авах чадавхыг дэмжих зорилготой юм байна. Мөн Казахстан улсын эдийн засаг дахь Төрийн үүрэг оролцоог багасгах өргөн хүрээний стратегийн хүрээнд “Самрук-Казына”-ийн эзэмшилд байдаг бүх компани 2024 оноос эхлэн хувьцаагаа нээлттэй арилжаалахаар болсныг эх сурвалж мэдээлжээ.

Түүнчлэн санд хуримтлагдсан хөрөнгөөс зарцуулсан зарим жишээг дурдвал, тус улсад нүүрлээд байсан  томоохон үерийн гамшгийн хохирлыг бууруулахад 15 тэрбум тэнгэ буюу 33 сая ам.долларын санхүүжилт хуваариласан байна. ОХУ, Казахстаны хиллэдэг бүс нутагт сүүлийн 70 жил тохиогоогүй их хэмжээний үер болж, 100 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн үед дээрх санхүүжилтийг тус сангийн хандивын үйл ажиллагааг явуулдаг “Samruk-Kazyna Trust”-аар дамжуулан олгох зохицуулалт хийжээ.

Тэгвэл хоёр улс хамтыын ажиллагааны санамж бичиг байгуулснаар Казахстан улсын баялгийн сангийн туршлагаас эх орондоо нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа талаар Монгол банкны ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн юм. 

Тэрээр “Баялгийн сан нь нэлээд сайн үнэлэгдэж байгаа. Үүнээс гадна Астанагийн  олон улсын санхүүгийн төв дээр 4200 гаруй хөрөнгө оруулалтын сан, олон улсын банкнууд Британийн эрх зүйн орчинд үйлчилж ажилладаг. Бид үүнээс суралцах зүйл их бий. Энд өрнөдийн хөрөнгө оруулалт, ашигтай төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын боломж их байгаа. Тиймээс эдгээр хөрөнгө оруулалтын сан, гаднын хөрөнгө оруулалтын банкнууд Монгол Улсад ч үйл ажиллагаа явуулах өргөн боломж байгаа. Мөн манай улс Казахстан улсын баялгийн сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тиймээс Казахстан улсын баялгийн сангийн туршлагаас эх орондоо нэвтрүүлэх боломж нээгдэж байна гэж харж байгаа” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 80 (7822)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.