Улаанбаатарчууд дөрвөн уулынхаа дунд багтахгүй, чихцэлдээд, уулын ам, голын эргээ хүртэл эзлээд, эцэстээ үер усны гамшигт өртөх боллоо. Гамшгийг хэрхэн даван туулах талаар иргэд олон нийтийн сүлжээнд санал санаачилгаа хуваалцсаар байна. Бид ШИНЭ намын дарга Ц.Гантулгын байр суурийг тодрууллаа.
Таны хувьд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга зам нь хурдны зам тавих гэж байр сууриа илэрхийлсэн. Энэ талаараа тодруулаач?
-Анхнаасаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн, 4 уулын дунд хашигдсан болохоор тэлэх боломжгүй нийслэлийн хүн ам 30 жилийн дотор 3 дахин өсч, эмх замбараагүй бетонон ширэнгэ, нүхэн жорлонгийн бөөгнөрөл бий болсон. Үр дүнд нь замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ тулаад байгааг та бид харж байна.
Хэн танилтай, мөнгөтэй нь голын гольдролыг өөрчлөн байшин барилга барьж, нөгөө хэсэг нь үерийн аманд дур зоргоороо буусны улмаас үер усны гамшиг ч нүүрлэх боллоо. Усархаг борооны үеэр хүрээлэн буй уулсын амнуудаас хурын ус цутган орж ирж, Туул, Сэлбэ голын усны түвшинг эрс нэмэгдүүлж, үерлэх нь ердийн үзэгдэл болов. Угаасаа уулсын голд байгаа болохоор шингээх боломж бараг байхгүй л дээ.
Өнөөдрийг хүртэл аль ч хотын даргын үед эдгээр асуудлыг шийдвэрлэж чадсангүй, хоноцын сэтгэлээр хандаж ирсэн.
Сүүлийн үед залуучууд хотоос хөдөө рүү шилжиж, орон нутагт сайхан амьдрах боломжтойг харуулж, олон нийтийн сүлжээгээр бусдыгаа уриалж байна. Энэ бол маш зөв хандлага. Гэхдээ энэ хүмүүсийн тоо хөдөөгөөс нийслэлийг чиглэсэн урсгалтай харьцуулахад маш бага л даа.
Миний хувьд төвлөрлийг сааруулах нэг гол хүчин зүйл нь зам гэж үздэг. Учир нь зам дагаж үйлчилгээ, үйлчилгээг дагаж суурьшил бий болдог. Зам дагаж хөгжил ирдэг гэж ярьдаг шүү дээ. Хөдөөг хөгжүүлж чадвал хүн зон нь ээнэгшиж дассан төрөлх нутагтаа үлдэхийг илүүд үзнэ. Гол нь ажлын байр хайж, эрүүл мэндийн болон боловсролын чанартай үйлчилгээ авах гэж л хотыг зорьж байгаа шүү дээ.
Зам хэдий хэрэгтэй ч маш өндөр өртөгтэй, дээр нь манайх шиг байнга алдагдалтай төсөв баталдаг улсад зардлын л нэмэр гээд зам тавихаар реакцилдаг улс бас байдаг даа...
-Манай улс газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18-т эрэмбэлэгддэг ч авто замынхаа сүлжээгээр 49-т жагсаж байна. Нийт авто замын сүлжээ 113.000 км үргэлжилдэг. Үүнээс 15.000 км нь олон улсын болон улсын чанартай зам, түүнийхээ 50% нь хатуу хучилттай. Манайхтай ойролцоо газар нутагтай Индонез, Иран, Перу, Нигер зэрэг улсууд гэхэд л авто замын сүлжээ нь манайхаас 1.7-5 дахин урт байх жишээтэй. Манайхаас дөрөв дахин бага газар нутагтай Япон улс гэхэд л 1,2 сая км авто замтай, манайхаас 2,5 дахин бага газар нутагтай Франц улс 1 сая км авто замтай байна. Энэ улсууд биднээс хөгжлөөр хол түрүүлсэн. Зам дагаж хөгжил гэдэг зүгээр ч гараагүй үг л дээ.
Тэгэхээр бид цаашид шороон замуудаа хатуу хучилттай болгох, хөдөлгөөний эрчим ихтэй чиглэлүүдэд хурдны зам барих шаардлагатай байна. Энэ ажлыг хойшлуулалгүй, яаралтай эхлэх хэрэгтэй. Босоо тэнхлэгийн дагуу төмөр зам тавих асуудал олон жил яригдсан, одоо хэрэгжинэ л гэнэ. Гэхдээ ганц төмөр зам хангалтгүй. Улсын хэмжээнд нийт ачаа тээврийн 60 хувь, зорчигч тээврийн 75 хувийг авто тээврээр гүйцэтгэж байна. Алтанбулагаас Замын-Үүд чиглэлд хурдны зам тавих шаардлагатай байна. Үүнийг төсвөөс мөнгө гаргахгүйгээр тодорхой хугацааны дараа улсад үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлтэйгээр хувийн хэвшлийнхнээр хийлгэж болно. Концессын гэрээний гол агуулга нь ийм байдаг. Гэтэл манайхан концесс гээд мааш өндөр төсвөөр ажил хийчихээд дараа жилээс нь улсын төсөвт мөнгөө гаргуулаад эхэлчихдэг. Шулуухан хэлэхэд, концесс нэрээр мөнгө угаагаад байгаа юм л даа. Таны хэлсэнчлэн, зам барих ажил үнэхээр өндөр өртөгтэй. Гэхдээ урт хугацаандаа эдийн засгийн хувьд ашигтай, цаг хугацааг ч хэмнэх ач холбогдолтой. Ер нь зам тавиад дампуурсан улс гэж сонсоогүй биз дээ?.
Тэгэхээр түрүүнд хэлсэнчлэн, дөрвөн уулын дунд хавчуулагдсан, даац нь хэтэрсэн, нэмж оршин суугч хүлээн авах боломжгүй нөхцөл байдалдаа бодитой үнэлэлт дүгнэлт хийгээд, нийслэлээ нүүлгэх эсвэл дагуул хотуудыг хөгжүүлж, тэдгээрийг нийслэлтэй хурдны замаар холбох зэрэг шийдэмгий арга хэмжээ цаг алдалгүй авах хэрэгтэй байна.
Танд баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.