СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-03

Б.Галаарид: Бидний хамгийн дээд үнэт зүйл бол эх орон минь билээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сэтгүүлч, судлаач Б.Галааридтай бөө мөргөл болон тэнгэр үзлийн талаар ярилцлаа.

-Таныг бөө судлаач гэдгийг хүмүүс мэддэг. Та бөө мөргөлийг хэдэн жил судалж байна?

-Бөө мөргөл наяад оны сүүл, ерээд оны эхээр эргэн дэлгэрсэн. Эхэндээ анзаардаггүй байж байгаад, ерээд оны сүүлээс илүүтэй сонирхож эхэлсэн. Сонирхол маань судлал руу хөтөлсөн. Нэг хэсэг энэ сэдвээр их ярьж, бичсэн. Хүмүүс хувийн болон албаны байр суурийг хольж ойлгох гээд байдаг учраас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хугацаандаа түр завсарласан. Одоо сонгуульт албаа өгсөн учраас судалгаагаа чөлөөтэй үргэлжлүүлж байна.

-Бөө мөргөлийг ихэнхдээ бөө хүмүүсээр төсөөлж ойлгодог. Судлагдахууны хувьд бөө мөргөл гэж чухам юу юм бэ?

-Монгол бөөг анх судалгааны эргэлтэнд оруулсан хүн нь Дорж Банзаров гэж буриад эрдэмтэн. Энэ хүний “Монголын бөө мөргөл буюу хар шүтлэг” гэдэг бүтээл их алдартай. Сүүлд манай эрдэмтдээс Б.Ренчин, Б.Содном, Гантогтох, О.Пүрэв, С.Дулам гээд олон алдартай эрдэмтэд судалсан. Д.Бум-Очир, Б.Мандухай нарын залуу судлаачид араас нь гарч ирсэн. Д.Бадарч, Ш.Сүхбат гээд олон хүнийг нэрлэж болно.

. Одоо “бөөгийн өвчин” хэмээх үзэгдэл бол сэтгэцийн өвчнөөс ангид зүйл хэмээн тайлбарладаг болсон. Энэ нь үзэгдлийнх нь хувьд шинжлэх ухаан хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бодит амьдрал дээр бол хэдэн мянган жилийн өмнөөс оршсоор ирсэн зүйл. Янз янзын цагт янз бүрийн шашинд шахагдан орхигдож бүдгэрсэн нь бий.

-Бөө мөргөлийг шашин мөн, биш гэсэн үзэл бодлууд байдаг. Шашин биш гэдгийг ямар шинжээр нь батлах вэ?

-Бөө мөргөл бол балар эртнээс эхтэй мөргөл шүтлэг. Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцаж эхэлсэн цагаас үүссэн гэж үздэг. Шашин биш гэдэг үндэслэлийг би хэд хэдэн зүйлээр хэлье. Хамгийн түгээмэл гурван шашнаар аваад үзэхэд л тодорхой хувь хүн төгс гэгээрэлд хүрч, тэрхүү гэгээрлийнхээ үр дүнд олж мэдсэнээ бусдад сургааль номлол болгон сонсгож, түүнийг нь итгэж хүлээн зөвшөөрсөн хүмүүс мөнөөх номлолыг нь түгээснээр шашин болон тархан тэлсэн байдаг. Тодорхой номлол сургааль, ном судартай, зан үйлээ хийдэг тогтсон дэг ёстой, тэдгээрийг заадаг сургуультай, шашны үйл ажиллагаагаа явуулдаг сүмтэй бүхэл бүтэн тогтолцоог шашин гэж нэрлэж байна.

Гэтэл хэн нэгэн хүн ямар нэг үзэл онол гаргаж ирээд зааж сургаад, тэрийг нь хүмүүс дагаж бишрээд байгаа нь бөө мөргөлд үгүй. Төрөлхийн онцгой өгөгдөлтэй хүмүүс онгодын тусламжтайгаар хүлээж авсан мэдээллээ хүмүүст хүргэдэг зан үйл. Онгод нь үүх түүх, үлгэр домог ярьж болно. Эсвэл янз бүрийн зан үйл хийж болно. Хүний амьдралын зам мөрийг засч болно. Өөрөөр хэлбэл . Тэгэхээр мөргөл шүтлэг, шашин хоёр системчлэгдсэн үү, үгүй юу гэдгээрээ том ялгаатай байгаа биз.

-Монголчууд бөө мөргөл бол бидний уугуул шүтлэг гэдэг. Үүнийгээ Чингис хаан бөө мөргөлтэй байсан гэдгээр тайлбарладаг. Тэнгэр үзэл, бөө мөргөл хоёр өөр ойлголтууд уу, эсвэл?

-Тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг хоёрын хооронд ялгаа зааг бий. Тэнгэр шүтлэг гэдэг бол байгаль дэлхий, сансар огторгуй, уул усыг амьдчилах, өвөг дээдсээ дээдлэх зан үйл. Харин тэнгэр үзэл бол ерөөсөө нүүдэлчдийн, тэр дундаа монголчуудын өнө эртнээс мөрдөж ирсэн амьдрахуйн философи юм. Орчлон (universe) өөрийн гэсэн зүй тогтолтой, тэрхүү зүй тогтлыг хэн ч сөрж өөрчилж чадахгүй, гагцхүү зохицож амьдрах учиртай гэсэн гүн ухаан. Улс үндэстэн, хувь хүний амьдралд тэнгэр эрхсийн орчил хөдөлгөөн хэрхэн нөлөөлдгийг таньж мэдээд, тэр бүхэнд аж амьдрал, оршихуйгаа мэдлэгтэйгээр зохицуулах үзэл байж.

Энэ нь юун дээр харагддаг вэ гэвэл “Мөнх тэнгэрийн ивээлээр энэ үйлийг хийж байна” хэмээх Их хааны үг, үйлдэл. Тухайн цаг үе дэх орчлонгийн орчил хөдөлгөөн ийм үйл хийхэд тааламжтай, зохистой гэдгийг тооцоолсон гэсэн үг ээ дээ. Их гүрнийг нэгэн тугийн дор зангидсан нь зайлшгүй болохоос тохиолдол биш гэсэн үг. Мөн Монгол төрийн уламжлалыг ажиглахад нар сар, од эрхсийн орчил хөдөлгөөнийг тооцоолсны үндсэн дээр төрийн том том үйлүүдийг тодорхой өдөр, саруудад хийдэг байж. Энэ тухай Монголын Нууц Товчоонд олонтаа бичигдсэн.

Нүүдэлчдийн дөрвөн улирлын тахилгын зан үйлийг аваад үзэхэд өдөр шөнийн тэнцэл, хамгийн богино өдөр, богино шөнө, эсвэл хамгийн богино шөнө, хамгийн богино өдөр тохиодог дөрвөн мөчлөг дээр тахилга хийж байсан байна. Энэ нь нэг улирал нөгөө рүү шилжих мөчлөгүүд. Энэ мөчлөг хүн, байгальд хэрхэн нөлөөлдгийг орчин үеийн шинжлэх ухааны аргаар судлаад үзвэл сонин үр дүн гарна даа.

-Сүүлийн үед жилийн 365 хоног яг адилхан гэдэг үзэл хандлага дэлгэрч байх шиг. Цаг нар харж бэр гуйх, замд гарах тэр байтугай үсээ засуулахыг шоолдог болсон. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Зүй нь бид зурхайтай холбоотой асуудалд хоёр талтай хандах ёстой. Бүх өдрүүд яг адилхан гэж та бодож болно. Тухайн хүний итгэл үнэмшлийн л асуудал. Гэхдээ хорвоогийн өдөр хоногууд тийм хэвэнд цутгасан мэт адилхан байдаг бол зурхайн хэрэг юун. Өнөөдрийн хэрэглэж байгаа Төгс буянтын зурхай, Шар зурхай зэрэгт хэт хүндрүүлчихсэн асуудлууд бий. Тэгж болохгүй, ингэж болохгүй гэх маш олон хориг цээртэй. Эртний Монгол зурхайд бол тэгж их хүндрүүлж, өдөр өдрөөр нь нэг бүрчлэн заачихсан юм байгаагүй бололтой юм билээ. “Шөнөд цаггүй, шөлөнд дээжгүй” гэдэг хэлц үгнээс өгсүүлээд үүнийг нотлох зүйл зөндөө.

-Тэгэхээр тэнгэр үзлийг мэдлэг гэж ойлгох нь зөв үү?

-Мэдлэгт суурилсан амьдрах ухаан. Орчлонгийн зүй тогтлыг олж таньж, онож барьсан мэдлэг гэж ойлгоход болно. Орчлон гэдэг чинь ганцхан галактик биш шүү дээ. Олон олон галактикууд, ерөөсөө буй бүхнийг багтаасан ойлголт. Тэгэхээр орчлонгийн зүй тогтлыг ойлгож мэдээд, түүнд зохицож амьдарна гэдэг чинь агуу гайхамшиг.

-Мэдлэг цэвэр тунгалагаараа байж гэмээнэ мэдлэг хэвээрээ байна. Гэтэл орчин үед ямар нэгэн урсгал чиглэл болгочихдог. Энэ юутай холбоотой вэ?

-Уламжлалт мэдлэгээс орхиж гээсэн, мартсан зүйл их байна. Тэр мэдлэг цаг хугацааны явцад гажих, буруугаар ойлгогдох, огт өөрөөр тайлбарлагдах зэргээр уугуул чанараасаа холдчихдог гэсэн үг. Уугуул мэдлэгийг сэргээхийн тулд судалгаа чухал. Жишээ нь, зүг чигийн бэлгэдлийн тухайд гэхэд л бид хулгана, гахай зүгийг хоймроо гаргачихаад байна. Гэрийн баруун хатавчнаас хулгана зүг эхлэн нар зөв тойроод хоймроо могой, морь, хонь зүгүүд нь таараад, зүүн хатавчинд гахай зүгээр шувтардаг байж. Хүүхдийг баруун хатавчинд төрүүлж, хүний хорвоогоос үдэхдээ зүүн хатавчаараа гаргадгийн учир энэ. Энэ чинь уг нь уламжлалт мэдлэг. Сүүлд гарсныг нь үнэн гэж мухар сохроор итгэдэг хандлагыг яалтай ч билээ дээ.

-Монголчуудын хувьд айл гэр болон хувь хүн хийдэг тогтсон зан үйлүүд байдаг шүү дээ. Тухайлбал, өглөө цайны дээжээ өргөх, уул усанд өргөл өргөх гэх мэт. Энэ тэнгэризм мөн үү? Таны хэлсэнчлэн уугуул, уугуул бишийг хэрхэн ялгах вэ?

-Шинжлэх ухаан хөгжсөн л гээд байгаа. Гэхдээ ороогүй судлаагүй, ойлгоогүй мэдээгүй зүйлс байна аа байна. Түүний нэг нь хүний тархи, оюун ухаан. Neuroscience гэдэг шинжлэх ухаан одоо нэлээд хүчтэй хөгжиж байна. Гэхдээ л шүү дээ. Хүний сэтгэл яагаад ийм хүчтэй байдаг юм бэ гэдгийг шинжлэх ухаан нотолж тогтоож чадаагүй л байна. Гэтэл уугуул мэдлэгт түүнийг тайлах учиг нь оршиж байж ч мэднэ. Цайны дээж өргөх нь тухайн хүний сэтгэл, итгэл үнэмшилд тулгуурласан зан үйл.

Нөгөө талаасаа орчлон ертөнц нэгэн бүхэл хийгээд хамаг бүхэн хоорондоо амин шүтэлцээтэй гэх үзлийн үүднээс бол хүний тэрхүү итгэл үнэмшил үйлчлэх л ёстой. Гэхдээ сүүл үеийн мөргөл шүтлэг, шашин маш олон юмыг завхрууллаа шүү дээ. Суурин иргэншилд таарч зохицохгүй зан үйл их хийж байна. Орчин үежүүлж, энэ цагийн соёлтой уялдуулж чадахгүй байна. Хийж буй зан үйлийнхээ мөн чанарыг ойлгосон хүн хүний машин тэргэн дээрээс шанага шанагаар сүү цацаад байхгүй л дээ. Бусдаас их юм цацсанаар, эсвэл бусдаас илүү өндөрт хийморийн дарцаг уяснаар илүү сайн болохгүй л дээ.

-Сүүлийн үеийн бүх шашин, урсгал маш их зан үйлтэй. Өөрөөр хэлбэл мухар сүсгийн хэлбэртэй байна. Яаж хүн мухар сүсэгт автахгүй өөрийн гэсэн итгэл үнэмшлийг олж авах вэ?

-Хүн ямар нэгэн буруу муу үйл хийснээ мэдэж байгаа учраас нүглээ наминчлах гэж л янз бүрийн зан үйл хэн нэгнээр хийлгүүлж, түүнийхээ төлбөрт өргөл барьц өгч байна шүү дээ. Хүн анхнаасаа ёс суртахуунтай зөв амьдрах юм бол ингэж нүглээ наминчилж байна хэмээн янз бүрийн гаж буруу зан үйлийг өөгшүүлэх хэрэг гарахгүй. Хүний чин сэтгэл, бодол санаа ямар хүчтэй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Өөрийн хийсэн гэм нүглээ хэн нэгэнд очиж даатгана гэдэг тэр хүн үйлийн үрээс амархан аргаар зугатааж болно гэсэн гэнэн төөрөгдөл, мухар сүсэгтэй байгаагийн илрэл. Хүн сэтгэлээрээ, үг хэлээрээ, үйлдлээрээ өөрийгөө цэвэрлээд явчихаж болно. Тийм болохор дэлхийд өнөөдөр төрөл бүрийн бясалгал дэлгэрч байна.

Хүн өөрөө өөртэйгээ, дотоод ертөнцтэйгөө ажиллах маш олон технологиуд бий болж байна. Өнөөдөр дэлхийд 3000 гаруй төрлийн бясалгал хөгжиж байна гэдэг чинь маш олон хүн гарц олчих гээд эрэл хайгуул хийж байна гэсэн үг. Араас нь хүмүүс дагаж байна гэдэг чинь үр дүн байна гэсэн үг. Өөрт нь таарч тохирохгүй бол өөр нэгийг сонгоод л явна. Ер нь сүүлийн үед “Хүн та өөрөө бурхан” гэж үг дэлгэрээд байгаа шүү дээ. Үнэн л дээ.

-Ямар хүн бөө болдог юм бэ, бөө болохоороо заавал тэгж бөөгийн өвчнөөр өвдөх ёстой юу?

-Бүх хүн ямар нэгэн оноолттой төрж байгаа. Зарим нь нэр цуутай тамирчин, эсвэл сайн сурган хүмүүжүүлэгч болох гээд. Түүнтэй адилаар орчлонгийн агуу мэдээллийг хүлээж аваад бусдад дамжуулах үүрэгтэй хүмүүс байна. Тийм өгөгдөлтэй хүмүүс өөрийгөө мэдэхгүй тоохгүй, анзаарахгүй явах юм бол янз янзаар “мэдрүүлдэг”. Яагаад ингээд байна вэ гэсэн хариу эрэхээс аргагүй сорилтуудыг өгсөөр байгаад эцсийн хариуг өөрөөр нь олуулдаг. Тэр нь бөө болж оноолтоо биелүүлэх асуудал.

Гэхдээ өмнө нь ч, өнөөдөр ч бөө нарын хийгээд байгаа зан үйлд өөрсдөө зохиочихсон, хэт хүндрүүлчихсэн зүйл их байна. Архи их уудаг, хэмжээлшгүй өргөл барьц нэхдэг, айлгаж дарамталдаг гэх мэтээр ёс зүйгүй байдал гаргадаг. Буруу зан үйлийн улмаас, буруу явсны улмаас маш олон залуу хүмүүс бурхан боллоо шүү дээ. Буруу явбал үйлийн үр нь хатууг ойлгуулж өглөө. Энэ нь хүний бодож олсон дүрмээр биш, орчлонгийн зүй тогтолд захирагдаж амьдрах ёстой гэдгийг л харуулж байгаа хэрэг.

-Буруу зан үйл хийвэл үйлийн үрээ төлнө гэсэн үг үү?

-Ганцхан бөө мөргөл ч биш, бүх л шашинд үйлийн үр эргэж төлөгддөг тухай ярьж байна. Хүмүүсийн үнэт зүйлс нь өөрчлөгдөөд, мөнгө их үнэ цэнтэй болоод, хүний мөн чанарыг илэрхийлдэг байсан ёс суртахууны ойлголтууд үнэгүйдээд ирсэн өнөө цаг үед ухаарал л чухал болоод байна.

-Бөөгийн онгод буюу оюун санаа, бие махбодь салангид оршдог гэж ойлгож болох уу?

-Махан бие үхээд үгүй болно. Оюун санаа мөнхөд оршино гэж үздэг. Шинжлэх ухааны үүднээс үүнийг тайлбарлахад хэцүү. Онгод буюу тэрхүү мөнхийн оюун санааг өөрийн биед буулгаж чаддаг бөө, ховс, арга залиар хүн хуурахыг оролдож буй хүн хоёрыг ялгаж салгахад амархан.

-Нотлоод, бариад үзүүлж болдоггүй ийм судлагдахууныг судалж байхад таныг хэл ам их дагах уу?

-Зөндөө зөндөө. Эхэлж юм уу, арай зоригтой ярьж байгаа хүмүүс хэл аманд илүү өртдөг шүү дээ. Намайг чинь шизотой, антеннтай гээд зөндөө л цоллосон шүү дээ. (инээв) Одоо хүмүүс өмнөхөө бодвол арай нухацтай хүлээж авдаг болоод байна. Монголд ч биш, олон улс оронд бөө мөргөл, ялангуяа тэнгэр үзлийг өндөр түвшинд сонирхон судалдаг болоод байна. Адилхан нүүдэлчин соёлтой байсан улс орнууд, исламын ертөнцийнхөн сүүлийн үед тэнгэризм гэж ярих нь ихэссэн.

Харамсалтай нь тэнд ч, энд ч тэнгэр шүтлэг, тэнгэр үзлээ ялгаж салгаж ойлгохгүй байна. Бүр манай Эзэнт гүрний үеийн түүхийг маань хамж авах гэсэн оролдлогууд хүртэл явж байлаа. Тиймээс монголчууд тэнгэр үзлийн талаар өөрсдөө хамгийн их сонирхож, хэлж ярьж явах ёстой гэж бодож байна. Энэ жил би “Рерих нар ба Монгол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Тэнгэризм бол монголчуудын философи” гэдэг илтгэл тавилаа. Мөн саяхан Киргизийн Бишкект болсон олон улсын тэнгэр судлалын VII хуралд илтгэл тавилаа. Энэ мэтээр ярьж л явна.

-Бусад улс орнуудад бөө мөргөлтэй адил төстэй шүтлэг одоо хэр байдаг уу?

-Ер нь улс орон болгоны уугуул шүтлэг нь бөө мөргөл байсан. Дараа нь янз бүрийн шашнуудад дарагдсан, шахагдсан байдаг. Монголын хувьд гэхэд л буддын шашин түүхэндээ гурван удаа дэлгэрсэн байх жишээтэй. Ер нь дэлхийн шашны түүх маш цуст түүх. Ярихаас дотор зарсхиймээр. Уугуулыг нь дарж байж л өөрийн шашныг нэвтрүүлнэ шүү дээ.

-Чингис хаан бүх шашныг хүлээн зөвшөөрч байсан гэдэг. Энэ уламжлал хадгалагдсан учраас шашны янз бүрийн урсгал, заримдаа бүр гаж урсгал манайд орж ирж байх шиг. Дээрээс нь хүний эрх гэдэг нэрээр хүүхэд залууст нөлөөлдөг болжээ. Үүнд хэмжээ хязгаар байх ёстой юу?

-Энэ бол чухал сэдэв. Их хааны үед ч шашныг улс төрийн зэвсэг л болгосон. Их хаан яагаад бүх шашныг хүлээн зөвшөөрсөн хэрнээ өөрийн тэнгэр шүтлэгээ хэвээр нь хадгалж, өөрөө аль нэг шашинд ороогүй вэ гэдэг чинь улс төр. Тэр том газар нутагтай, олон янзын ард түмний сэтгэл санааг тайван амгалан байлгая гэвэл шашныг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл асар холч геополитик. Өнөө цагт ч гэсэн шашнууд орж ирж байгаагийн цаана геополитик явж л байгаа.

Хүмүүнлэгийн, сургалтын, тусламжийн гээд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын цаана шашин нуугдаж байх нь элбэг. Хүний язгуур эрхийн асуудал ямар шашин шүтэхийг нь зааж тулгаж, эсвэл хорьж цагдаж болохгүй. Гэхдээ бусад улс оронд хорьсон харгис урсгалуудыг нүдээ аниад оруулаад байж болохгүй. Бас гоё нэр, амлалтад хууртаж болохгүй. Мүүний шашин гэхэд л юу боллоо доо. Дэлхийн энх тайвны төлөө нэрээр манай хамаг л томчуудыг аваачаад суулгачихсан, хамба маань хүртэл учрыг нь ололгүй дунд нь цохиж явсан удаа бий байх аа.

-Хүн итгэл үнэмшилтэй, шүтлэгтэй байх хийгээд байхгүйн сайн хийгээд муу талын тухай та бодлоо хэлээч?

-Хүн өөрийн гэсэн тогтсон үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй байх ёстой. Тиймгүй бол мухар сохор таамгаар өөрт таалагдсан юмаа л дагаж хуйларна. Хамгийн гол нь хүн өөрийн эрхэмлэж нандигнах ёстой үнэт зүйлээ олох хэрэгтэй. Тэр нь эцэг эх, эх орон гээд юу ч байж болно шүү дээ. Таньж мэдээгүй зүйлээ мухар сохроор итгэж дагах аюултай. Иргэдийнх нь итгэл бишрэл, хүндэтгэл буюу үнэт зүйлс нь нэгдмэл байгаа улс орон илүү хүчирхэг байдаг. Нэгдмэл үнэт зүйлгүй нийгэм тэр аяараа тогтворгүй болдог. Бидний хамгийн эрхэм дээд үнэт зүйл бол Монгол эх орон минь билээ.

А.Мөнхжин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.