Дарга нарын өмчөөс нийтийн өмч рүү
Нэг юм бичиж эхлүүтээ уншигчдаасаа шууд асуулт асуух уг нь зохимжгүй. Гэхдээ та ер нь энэ талаар бодож байсан уу?
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа монгол төрийн нэрийн өмнөөс Дубайн гэрээ зурах эрхтэй байсан уу...
Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Стандарт банк”-нд тус үйлдвэрийг барьцаалах эрхийг хэн өгсөн бэ...
Нийслэл нүүрсний уурхай эрхлэх нь зөв үү...
Хөвсгөл болон Увс аймагт аймгийн хөрөнгө оруулалттай худалдааны төвүүд шатчихлаа. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс хохирлыг барагдуулна гэдэг нь шударга уу...
Энэ бүхнийг дурдсаны учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг 1996 онд баталсан байдаг.
Энэ хуулиар төрийн өмчийг хэрхэн хувьчлах вэ гэдгийг хуульчилж өгснөөс бус, төрийн өмчийг хэрхэн захиран зарцуулах вэ гэдгийг зааж өгөөгүй. Үндсэндээ хуульгүй явж ирсэн учир сүүлийн 30 жил төрийн өмчийн хулгай, авлига, албан тушаалын хэрэг тасралтгүй гарчээ. Нийгэмд шударга бус байдал үндэстний уламжлал мэт тогтжээ.
Угтаа бол, төрийн өмч гэдэг бол төрийн ч биш, нийтийн ч биш, зөвхөн дарга нарын өмч болж хувирснаас дээрх хэргүүд үйлдэгджээ. Хуульгүй учир дарга нар төрийн өмчийг өөрийн өмч мэт санажээ. Тийм учраас Ч.Сайханбилэг өөрийн гэрээ компанийн мэт санасан үйлдэлдээ өдгөө гадаадад зугтаж явна. Тийм учраас Ч.Ганзориг олон жилийн турш шүүгдсэн. Ийм учраас аймгуудын асуудал татвар төлөгчдийн асуудал болжээ.
Харин одооноос л нийтийн өмчийн тухай ярьж эхэлж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Нийтийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсронгуй болгохын тулд төрийн ордонд долоо хоног бүр "Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа.
Энэ хуулийн тухайд, УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Хувьчлал, цэнхэр ягаан тасалбар гэдгийг мэдээлэлд ойр байсан хүмүүс авсан. Тэгээд эрт томорсон. Өөрөөр хэлбэл, тухайн үед дарга байсан хүмүүс нь төрийн өмчийг авчихжээ. Энэ алдааг давтаж болохгүй.
Иймд төрийн өмчийг олон нийтийн болох тухай ярьж байна” хэмээн тайлбарласан нь буй.
Хуучнаар Төрийн өмчийн хороо өмчөө тоолж мэдэхээ больсон гэвэл та итгэх үү?
Гурван жилийн өмнөх судалгаагаар Монгол Улсад 420 орчим төрийн өмчит компани байна гэсэн стаститик байдаг юм байна. Энэ нь бүрэн гүйцэд биш. Яагаад бүрэн гүйцэд биш гэхээр, орон нутгийн өмч тоймоо алдчихжээ.
Орон нутгийн өмчит компанийн тоог холбогдох төрийн байгууллагууд нь яг таг мэдэхгүй байгаа юм байна.
Учир нь, сумын ИТХ сумын өмчит компани байгуулдаг болчихсон юм байна. Сумандаа эмийн сан байгуулдаг болсон. Худалдааны төв барьдаг болсон. Ойн аж ахуй эрхэлдэг болсон.
Гэхдээ энэ нь бат “но”-той.
Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой нийт 295 хуулийн этгээдийн 197 нь аймгийн, 98 нь нийслэлийн харьяанд байдаг. Зөвхөн 2019-2021 оны хооронд 203 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа юм.
Тэгэхээр энэ алдагдлаа татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг нь зүй тогтол мэт болоод гучин жилийг ардаа орхиод байна. Тэгэхээр л хулгай, авлига явна шүү дээ.
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаяр "Одоогийн байдлаар арван аймаг худалдааны төвтэй болоод байгаа. Хоёр нь ажиллахгүй байгаа, ингээд хоёр дахь нь шатчихлаа. Хөвсгөлийн асуудлыг шийдсэн жишгээрээ хохирогчдод нөхөн олговор олгох ёстой. Хөвсгөлийнхөн Засгийн өврөөс нь унаад, увсынхан араас нь унасан гэж бодохгүй байна" гэж ярьсныг та бүхэн сонссон байх.
"Шинэ Улаангом" худалдааны төв шатсаны дараах яриа л даа.
Ниргэсэн хойно нь гэгчээр, шатсаных нь дараа худалдааны төвүүдийг аймгийн ЗДТГ өмчилдөг, ашиг олдог, ийм арван аймаг байгаа тухай олон нийт мэдэж авах жишээтэй. “Шинэ Мөрөн” худалдааны төв шатахад Засгийн газрын нөөц хөрөнгө (татвар төлөгчдийн мөнгө!)-өөс 5,2 тэрбум төгрөг гаргаж түрээслэгч нарт олгож байсан байдаг. Энэ бол төр өмчөө тоолж мэдэхээ байсны ганцхан жишээ юм.
Тэгэхээр, О.Номинчимэг гишүүний хууль маш чухал байгаа биз?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.