СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-16

“Үндэсний Эвсэл”-ээс 10 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Ганболд : Бид гарааны хүнд нөхцөлөөс тэгш бус тулаанд орж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

“Үндэсний Эвсэл”-ийн Тэргүүн Н.Номтойбаяр “Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын ээлжит сонгуулийн 10-р дугаар тойрогт нэр дэвшигч, П.Баярхүү, Д.Ганболд нарын нэр дэвших үнэмлэхийг албан ёсоор гардуулан өглөө. Нэр дэвшигчдийн байр суурийг хүргэе.

“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Ганболд:

-2024 оны УИХ-ын ээлжит сонгууль, Сонгуулийн ерөнхий хороо нэг намын төлөөллийн байгууллага болж, сонгох сонгогдох эрхийг зөрчсөний нэг илрэл нь өнөөдрийн энэ үйл явдал юм. Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Тэр эрхийнхээ хүрээнд миний бие Д.Ганболд өрсөлдөх эрхээ авсан боловч нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадалгүй бэлтгэл ажил болон сонгуулийн сурталчилгаа эхэлсэн нийт 15 хоногоо алдлаа. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх үнэн зөвөөр шийдэж өгсөн. Нэр дэвшигчдийн хувьд сонгогчдодоо сурталчилгааны материалаа өгөх ажил энэ хэрээр сунжирч байна. Энэ бол сонгуулийг шударгаар явуулахыг хүсэхгүй байгаад асуудал нь байгаа юм. Түүнээс бидэнд давхар намын төлөөллөөр сонгуульд оролцох сонирхол байхгүй. Сонгууль хүний сонгох, сонгогдох эрхийг тэгш хангаж өгөх ёстой. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо маш хариуцлагагүй хандаж байна. Магадгүй зургаадугаар сарын 28-нд болох сонгууль шударга явагдах эсэхэд эргэлзэж байна. Хатуухан хэлэхэд МАН-ын даалгавраар явж байна уу гэж хардаж байна. Үүнийг таслан зогсоохгүй бол 2024 оны сонгууль шударга явах эсэх нь маш эргэлзээтэй байна. Бид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 44 хорооны 200 мянган сонгогчдодоо хүрч ажиллахад гарааны хүнд нөхцөлөөс, тэгш бус тулаанд орж байна. Та бүхэн “Үндэсний Эвсэл”-ийн хэрэгжүүлэхээр зорьсон “Иргэн баян бол улс баян”, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” уриа дор бэлтгэсэн мөрийн хөтөлбөрийг нягтлан хараарай. Үнэхээр төгс болжээ гэж үзвэл саналаа өгөөрэй.

П.Баярхүү: Ноёдын бөх өрсөлдөгчгүйгээр түрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна

“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшигч П.Баярхүү:

-Сонгуулийн сурталчилгаа эхэлж, нийт хоногийн талаас илүү хувь нь өнгөрчээ. Тун харамсалтай байна. Ноёдын бөх өрсөлдөгчгүйгээр түрүүлэхийг, хууль бус аргаар ялахыг чин сэтгэлээсээ хүсэж, өрсөлдөгчөө намнаж байна. Монгол төрийн алтан жолоог хэнд атгуулах вэ гэдгийг ард түмэн шийднэ. Ард түмэн хэлдэг, хийдэг шударга хүмүүст Монгол төрийн жолоог атгуулна гэдэгт эргэлзэхгүй байна. “Үндэсний Эвсэл” дуугарч чадахгүй байгаа ард түмнийхээ дуу нь болж, тэмцэж чадахгүй байгаа хүмүүсийнхээ өмнө тэмцэнэ. Татварыг дарамт биш, дэмжлэг болгохын төлөө ажиллана. Аж үйлдвэрийн шинэ эрин үеийг бид цогцлооно. Эрүүл саруул, боловсролтой Монгол хүнийг бий болгохын төлөө ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гарааны ижил бус цаг хугацаанаас эхэлж байгаа гэдгийг сонгогчид маань ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Тиймээс “Үндэсний Эвсэл”-ийг, бидний мөрийн хөтөлбөрийг дэмжээрэй гэж уриалъя.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.