Иргэн Г.Ган-Очирын хэрэг явдлаас бидэнд үлдэх сургамж

Иргэн Г.Ган-Очир анх санал хураах "Хар машин"-ыг хакерддаг гэж хэвлэлийн хурал хийсэн. Түүний Жулиан Ассанжийг санагдуулам зоримог, хурц мэдэгдэлд нийгэм хирдхийсэн. Үнэхээр сонгуулийг луйварддаг бол яана вэ? Гарцаагүй баримт гарч ирвэл өнгөрсөн бүх сонгуулийг луйвардсан байж таарна шүү дээ. 

АНУ-ын сонгуульд ОХУ-аас нөлөөлдөг гэх хардлага тэр үед өрнөж байсныг ч хэлэх үү, түүний ноцтой мэдэгдлээс ямар үр дүн гарахыг ард түмэн ажиглаж байсан. Г.Ган-Очирын мөрөөдөл нь Монголын Жулиан Ассанж болох байсан уу? 

Дараа дараагийн үйл явдлыг та бүхэн сайн мэднэ. Түүнийг хууль хүчний байгууллагаас шалгаж эхэлсэн. Шалгаж эхлэхтэй зэрэгцээд "Аавыг минь алчихлаа", "Хүүхдийг минь хордуулчихлаа", "Машины дугуй хагалж гэр бүлтэй минь алах гэлээ", "Би МАН-д ажиллаж байсан. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалантай утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч байсан" гэхчлэн ярьж эхэлсэн. 

Харамсалтай нь энэ бүгд нь цагийн шалгуур даасангүй. Эхнэр нь саяхан хийсэн мэдэгдэлдээ аавыг нь элэгний хорт хавдраар өөд болсныг нь хэллээ. Чихэр идэхээр харшил туурдаг хүүхэдтэй гэдгээ учирлалаа. Дундговьд явж байхад машины дугуй нь хагарсан гэдгээ тоочлоо. Товчхондоо, "Нөхөртэйгээ нийлж худлаа ярихаас залхаж байна" хэмээн эхнэр нь өгүүллээ. МАН-ын ЕНБД-тай холбоотой мэдэгдлүүдийг нь ч ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан үгүйсгэсэн мэдээлэл хийсэн

Цаашилбал, тэрбээр БНФУ-д цагаачилж очоод байхдаа жүжигчин У.Цогтбаяртай "ХААН банкны дансанд маань 9.9 их наяд төгрөг шилжүүлж намайг хахуульдах гэж оролдсон" хэмээн ярьсан. Үүнийг ХААН банкнаас үгүйсгэсэн тайлбар хийснийг та бүхэн үзсэн байх. Худалч хүний нээрээ олон гэдэгчлэн Г.Ган-Очирын худал ярианы оргил нь 9.9 их наяд төгрөг байсан нь одоо тодорхой болж байна. 

Нэг үндэслэл буруу болоход нөгөө үндэслэл эргэлзээтэйг харуулна.

Энэ бүхний эцэст түүний "Хар машин"-тай холбоотой түүх, МАН-ын ЕНБД-тай "шадарласан" гэх яриа, 9.9 их наядаар хахуульдах гэж оролдсон болон "Хар машин"-ы түүх худал болж таарлаа. 

Иргэн Г.Ган-Очирын хэргээс бидэнд ямар сургамж үлдэж байна вэ? 

Биднийг аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эх сурвалжийг нь сайтар нягтлахыг заан сургалаа. Нийслэлийн Ардчилсан намаас түүнийг өмөөрсөн мэдэгдлийг гаргасан байсан. Хэрэв тэр Ардчилсан намын гишүүн нь үнэн бол өнгөрсөн бүх хугацаанд ярьсан зүйл нь улс төрийн агуулгатай байсан болж таарлаа. Улс төрчдийн үг хуудуутай.

Иргэн Г.Ган-Очирын хэргээс ийм л сургамж бидэнд үлдлээ дээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.