СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-25

Канад, Япон улсаас Монголд суух Элчин сайдууд ИЖБ-ээ барив

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн хатагтай Кэтрин Ивкоф өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр орны эдийн засаг, соёл, спортын харилцааны асуудлаар санал солилцов.

Монгол-Канадын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, түүний бүтэц нь уул, уурхай, ашигт малтмалд тулгуурласан байдаг тул эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэхэд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарахыг Элчин сайдаас хүслээ. Мөн Монгол Улсын алслагдсан сумдыг Канад технологиор шинэчлэх ажил эхэлсэн талаар дуулгаж, төсөлтэй танилцах, бусад сумдыг шинэчлэх ажилд Элчин сайдыг идэвхтэй оролцохыг уриалав. Талууд мөн спортын хамтарсан бэлтгэл хийх, багш дасгалжуулагчаа харилцан солилцох зэрэг спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Кобаяши Хироюкиг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

Ноён Кобаяши Хироюки өмнө нь Монгол Улсад хоёр ч удаа дипломат албанд томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ туршлага нь Монгол-Японы Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Япон улстай хөгжүүлэх эдийн засгийн гол харилцаа нь Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох тул тус улстай нүүрсний экспортын асуудлаар яриа хэлэлцээр хийх сонирхолтой буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр илэрхийлж, талууд энэ асуудлаар дахин уулзаж, ярилцахаар болсон юм.

Мөн удахгүй Япон улсад болох зуны олимпын дараа Монгол Улсад “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадам болох тул тэмцээний бэлтгэл ажил болоод залуу тамирчдын бэлтгэх асуудлаар хамтран ажиллахаар ярилцлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.