СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Фото мэдээ | 2018-09-18

Ханийнх нь төрсөн өдөр “Хоовон”-гийн үдшийн хамгийн гоё сюрприз байв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Дуу, хөгжим, шүлэггүйгээр хорвоогийн амьдралыг төсөөлшгүй. Сайн сайхан зүйлийг уран бүтээлдээ өгүүлэн яруу тансаг аялгууг сэтгэл зүрхэнд хөглөж чаддаг хөгжмийн зохиолч, “Хоовон” хочит МУУГЗ Г.Энхбаярын дуунууд цаанаа л нэг өөр, бүр сонсоод баймаар. Олон жил уулзаагүй ч сайн мэдэх эртний танил шиг сэтгэлд хоногшсон дуунууд түүний “Хоовон” тоглолтод эгшиглэв. Урлагийн ертөнцөд түүнтэй жаргал зовлонгоо хуваалцаж, нэгэн цагт уран бүтээл хамт туурвиж явсан анд нөхөд нь, мөн энэ цагт түүний хит болсон, хит болж буй шинэ уран бүтээлийг нь түмэнд түгээж, сэтгэлийг нь хөглөж яваа залуу уран бүтээлчид нэг дор хуран цуглаж тайзнаа чууллаа. Тоглолтын тайзны чимэглэл, өнгө, гэрэл, хөгжмийн аялгуу бүх оддын тоглолтыг санагдуулам сонирхолтой байсан.

Өөртөө зав өгөлгүй өдөр алгасахгүй шахам уран бүтээл туурвисан нь түүний тоглолтоос өөрийн эрхгүй мэдрэгдэж байв. Хөгжмийн зохиолчийн очсон газар бүхэнд дуу хуур цалгиастай байдаг тухай урлагийнхнаас өмнө нь нэг бус удаа сонсож байсныг минь тэр үдэш гэрчлэв. Хөгжмийн зохиолчоос удирдаач, хилчин, дэд хурандаа цолтой тэрбээр одоо ч Хилийн цэрэгтээ зүтгэсээр яваа. Анх энэ том айлд тоогдож ирэхдээ мөрөн дээрээ хоёр жижиг таван хошуутай байсан бол өдгөө хоёр том өлзий утсан хээ болжээ. Түүний тоглолтын хамгийн гоё сюрприз ханийнх нь төрсөн өдрийн баяр байлаа.

Амьдралын хатуу зөөлөн нугачаанд түшиг болж, өрх гэрийнх нь хос багана болж яваа ханьдаа тэрбээр баярлаж талархаж явдгаа илэрхийлээд, төрсөн өдрөөр нь тоглолтоо толилуулж буйгаа тэр үдэш үзэгчдэд дуулгасан нь хамгийн сонирхолтой мэдээ байсан юм. Ингээд эрхэм уншигч та бүхэн хөгжмийн зохиолч Г.Энхбаярын хөгжмийн ертөнцөд түр саатаж тухална уу.  

“ХӨХ ТЭНГЭР” ХАМТЛАГ

Хоёр нийгэм солигдож байсан онцгой цаг үед өдөр бүр шинэ содон үйл явдал болдог байсан гэдэг. 1990 онд “Хөх тэнгэр” мэндэлсэн нь шинэ дүр төрх, цоо шинэ үзэгдэл байв. Өвөрмөц тоглолт, өмссөн хувцас, үс зүс гээд “Хөх тэнгэр” аргагүй л олны анхаарал татжээ. Тэд  одоо ч “Од”. “Хоовон”-гийн хоногшсон уран бүтээлүүд “Хөх тэнгэр”-тэй салшгүй холбоотой.

“АХМАДЫН ЗОЛБОО” ХАМТЛАГ

Рок, поп урлагийн “акулууд” хэмээн өргөмжлөгддөг МУУГЗ Л.Балхжав, “Өргөө” хамтлагийн ахлагч МУСГЗ И.Болоож, МУУГЗ Г.Энхбаяр, МУУГЗ Г.Пүрэвдорж, МУСГЗ Б.Долгион, “Соёл Эрдэнэ” хамтлагийн ахлагч, МУСГЗ Г.Жаргалсайхан нар “Ахмадын золбоо” хамтлагийг байгуулсан байдаг. Залуу үеийнхний дунд одоо ч дуулагддаг, сэтгэл хөдөлгөсөн хит дуунуудаасаа дээжлэн андынхаа тоглолтод өргөн барив. Тэдний НОЙРГҮЙ ХОНОСОН ЗУРГААН НОТ” доргио тоглолт нэг хэсэгтээ л мартагдаагүй юмдаг.

МУГЖ Б.ДАШДОНДОГ

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад байхдаа Г.Энхбаяр “Хилчин” хамтлаг байгуулж, дуучин Б.Дашдондогийг дуучнаараа авчээ. Түүнд Дашкаг уруу татаж, ажлаас нь гаргаж байсан  хөгжилтэй гэмээр “хөөрхөн” түүх байдаг ажБ.Дашдондог “Би ямар шалтаг хэлж ажлаас гарах вэ” гэхэд Хоовон өмнөөс нь өргөдөл бичээд удирдлагад нь өгч байж. Түүний “Сүүн цагаан хурим” дууг шинэчлэн дуулж хамгийн сүүлд олонд хүргэсэн нь МУГЖ Б.Дашдондог, Б.Сарантуяа.

МУГЖ Б.САРАНТУЯА

МУГЖ Б.Сарантуяа 2000 оны үед  ид байлдан дагуулж байсан хит дуунуудаа сонирхуулан дуулж үзэгчдийн сэтгэлийг догдлуулав. Сараагийн ихэнх дуу омог бардам, “сэхүүн” байдаг нь нууц биш. “Хэн юм бэ чи, хэн юм бэ” дууны хөгжмийн аялгууг мөн л “Хоовон” хийж хит болгож байжээ.

ГИТАРЧИН Д.ӨЛЗИЙ-ОРШИХ

Хуульч болно гэж бодож явсан Д.Өлзий-Оршихыг хөгжмийн ертөнцөд хөтөлсөн хүн нь яах аргагүй Г.Энхбаяр. Түүнд анх гитар зааж өгснөөр рок, поп урлаг руу эргэж буцахгүйгээр хөл тавьсан байна. МУИС-д шалгалт өгөх гэж байснаа болиод Хилийн цэргийн дуу бүжгийн дэргэдэх “Хилчин” хамтлагт шалгалт өгч байсан гэнэ. Гитарчин, ая зохиогч залуу долоодугаар ангид байхдаа офицер Г.Энхбаяраар банзан гитарын анхны барилт заалган зуслангийн “Халгай” нэртэй хамтлаг байгуулж байсан түүхтэй. Хожим хөгжим заасан “Хоовон ах нь “Хөх тэнгэр” хамтлаг байгуулахдаа хайртай шавиа хамгийн түрүүнд дэргэдээ авчирч 300 төгрөгийн цалинтай ажиллуулж байжээ. Ийн авчирсан нь учиртай аж. Түүнийг Баянмонгол чуулгын хөгжимчнөөр ажиллаж байхад нэг өдөр “Хоовон” утасдаж “Гоё гитараар тоглох уу” гэж хорхойг нь хүргэн асуухад шууд л зөвшөөрчээ. Түүнийг  “Хөх тэнгэр”-т ороход Г.Энхбаяр анхны тоглолтоо хэдийнэ хийсэн байж. Тухайн үед хамгийн шилдэг гэсэн уран бүтээлчид нэгдчихсэн болохоор түүнд сургуульд сурснаасаа ч илүүг зааж өгсөн байна. Монголын рок, поп урлагтай олон жил амьдралаа холбосон Өөжгий 2015 онд “Алтас гадас” одонгоор энгэрээ мялаалгасан билээ.

АЧ ХҮҮ, ЗЭЭ ОХИН

 Г.Энхбаяр сайн хань, сайхан хүүхдүүдтэй. “Хоовон-гийн” барьсан бас нэгэн гоё бэлэг нь хайртай ач хүү, зээ охиндоо дурсгасан Алтан пянз байв.

ДУУЧИН Т.ДЭЛГЭРМӨРӨН

Морин хуур-2017” наадмын оны шилдэг дуу шалгаруулах наадам 31 дэх жилдээ эгшиглэхэд эстрадын дууны төрөлд хөгжмийн зохиолч Г.Энхбаярын аялгуу, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Аавдаа би хайртай” дуу гурав дугаар байрт шалгарчээ. Аавдаа зориулж сэтгэлийнхээ үгийг ийн дуугаар өгүүлсэн нь дээгүүр байр эзэлсэнд Дээгий ихэд баярлан бэлгэшээсэн гэдэг. 

   

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.