Монголчууд Америк тив рүү нүүдэллэсэн эсэхийг хөгжим судлалаар эрэлхийлнэ
Урлаг судлалын ухааны доктор, хөгжим судлаач Д.Оюунцэцэг өөрийн эрдмийн бүтээл "МОНГОЛЧУУД, АМЕРИК ТИВИЙН УУГУУЛ ИРГЭДИЙН УГСАА ГАРВАЛЫГ ДУУ ХӨГЖМӨӨР МӨШГӨХҮЙ" шинэ номоо тун удахгүй уншигч олны гарт хүргэх гэж байна.
Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит консерваторид "Монголын дуулалт-яруу найргийн төрөл Уртын дууны гарал, хувьсал" сэдвээр 1990 онд эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлдээ тэрээр “Уртын дуу нь сонгодог урлагийн бүх хэв шинжийг агуулсан төдийгүй Хүннү гүрний үед хүртэл эгшиглэж байсан урлаг” хэмээн гаргалгаа хийсэн байдаг. Тэгвэл энэ удаа тэрээр монголчууд бидний болон Америкийн уугуул иргэдийн хөгжмийг анх харьцуулан судалжээ.
Доктор Д.Оюунцэцэг уг бүтээлээрээ дамжуулан “Бидний өвөг дээдэс, монголчууд үнэхээр 40 гаруй мянган жилийн өмнө Америк тив рүү нүүдэллэн одсон уу?” гэдэг асуултад хөгжим судлалын талаас хариулахыг зорьсон байна.
Түүнчлэн Д.Дорж, Д.Цэвээндорж зэрэг Монголын археологичид, гарваль зүйч Ж.Батсуурь, газар зүйч О.Намнандорж, судлаачид Ч.Эрдэнэ, Д.Хэрлэг, Оросын археологич А.П.Окладников, нэрт зураач Н.К.Рерих зэрэг эрхмүүдийн зүгээс Америкийн уугуул иргэд, монголчуудын угсаа гаралын талаар дэвшүүлсэн санаа, хийсэн гаргалгааг шинжлэх ухааны бас нэг салбарын өнцгөөс баталсан нь чухал ач холбогдолтой.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.