Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллана

Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллана

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК, Хөгжлийн банкны удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төмөр замын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн санхүүжилтийн асуудал, экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж, шийдлүүдийн талаар ярилцаж, үүрэг чиглэл өглөө. 

103eb8c17ce64d3698590a996c77c903

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд стратегийн чухал үүрэгтэйг онцлов. Тэрээр ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд суурь дэд бүтцийг өргөтгөх, логистикийн зангилаа төвүүдийг байгуулах зэрэг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг дурдлаа.

Эдгээр төслийг бодит ажил болгохын тулд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтэд бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг тодотгов.

Түүнчлэн Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгал, тэр дундаа аюултай ачааны тээвэрлэлт нь нийслэл хотын аюулгүй байдал, авто замын түгжрэл, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүйг онцлон анхаарууллаа. Иймд цаашид аюултай ачаа тээврийг нийслэлийн төв хэсгээр нэвтрүүлэхгүй байх бодлого баримталж, транзит тээврийг Улаанбаатар хотын урдуур чиглүүлэх тойрог төмөр замын шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийллээ.

35eb1253bfac4985a6c95c54994de509

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төмөр замын салбарын хөгжлийг дэмжих нь улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойг тэмдэглээд, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт, зээлийн асуудлыг шийдвэрлэх боломжийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтын өгөөжийг нарийвчлан тооцож, үе шаттай, оновчтой байдлаар хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон, нэгдсэн бодлогоор ажиллахыг чиглэл болголоо.

339369591c3041aeb8cd34d68009a0e0

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.