🔴Ж.Батжаргал: Хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн дизель түлшийг нөөцөлж, өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:
-Бүлгийн хурлаар олон улсын хямралт байдал Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг бууруулах бэлтгэл ажлын талаар Засгийн газрын гишүүдийн мэдээллийг сонслоо. Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад удаагүй байгаа ч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар салбар бүрийн бодлого, төлөвлөгөөг эцэслэн УИХ-д өргөн барихаар тогтсон.
Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт дотоодын бараа бүтээгдэхүүний өртөгт шууд нөлөөлж байгаа. Ялангуяа нийт шатахуун хэрэглээний 70 орчим хувийг эзэлдэг дизель түлшний үнийг тогтвортой байлгах нь уул уурхай, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт нэн чухал байна. Энэ хүрээнд хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн дизель түлшийг нөөцөлж, өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ.
Тооцооллоор шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр 2.5 дахин өсөх эрсдэлтэй байгаа бөгөөд энэ нь валютын гадагшлах урсгалыг 1.4-өөс 2.5 тэрбум ам.долларт хүргэх аюултай байна. Үнийн өсөлтийн хурдцыг сааруулах зорилгоор Засгийн газарт гаалийн албан татварыг уян хатан зохицуулах эрх олгох хуулийн төслийг УИХ-аар шуурхай хэлэлцүүлэхээр боллоо. Ингэснээр импортын барааны татварт зохицуулалт хийж, үнийн хөөрөгдлийг тодорхой түвшинд хязгаарлах боломж бүрдэнэ.
Түүнчлэн татварын багц хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, баялаг бүтээгчдэд ирэх төрийн дарамтыг багасгах асуудлыг хэлэлцэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) тогтолцоог боловсронгуй болгож, хил гааль дээр шууд авдаг татварыг борлуулалттай нь уялдуулан хойшлуулах зэрэг бизнес эрхлэгчдэд ээлтэй зохицуулалтуудыг хийхээр төлөвлөж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.