🔴Х.Ганхуяг: ОХУ-тай дизель түлшний үнийг тогтворжуулах хэлэлцээр хийх байсан ч Засгийн газрын өөрчлөлтөөс болоод явж чадсангүй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Х.Ганхуяг өнгөрсөн таван сарын хугацаанд хариуцсан салбартаа хийж гүйцэтгэсэн ажлууд болон эхлүүлсэн томоохон төслүүдийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрээр энэ хугацаанд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд таван хуулийн төсөл дээр ажиллаж, Эдийн засгийн тусгай бүс болон Чөлөөт бүсийн тухай хууль, Стандарт хэмжил зүйн тухай хуулийн шинэчлэлийг бэлэн болгожээ. Ялангуяа хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс лавлагаа шатлалын болон маргаан тасалдаг лабораториудын тогтолцоог бий болгох эрх зүйн үндэслэлийг бүрдүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Гамшгаас хамгаалах болон Улсын нөөцийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг боловсруулж, яамдаас санал авахаар хүргүүлсэн. Одоогийн мөрдөж буй хуулиар гамшиг тохиолдоход Засгийн газрын тогтоол гарч байж арга хэмжээ авдаг нь цаг хугацаа алдахад хүргэдэг. Тиймээс гал түймэр, газар хөдлөлт зэрэг онцгой нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэхээр хуулийн төслийг бэлтгэсэн. Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд удирдлага зохион байгуулалтын тухай хуулийн төслийг бичиж дуусгаад байна.

Чөлөөт бүсийн чиглэлээр Замын-Үүд болон Эрээний хамтын ажиллагааны бүсэд долоон жил гацсан байсан хил огтолцох цэгийн асуудлыг Хятадын талтай зөвшилцөж шийдвэрлэсэн. Ингэснээр ирэх дөрөв, тавдугаар сараас түр замыг ашиглаж эхлэх бөгөөд бүтээн байгуулалтын ажил эрчимжих боломжтой болсон. Түүнчлэн 2030 он хүртэл тус бүсэд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ААН-үүдийн саналыг хүлээн авсан нь Оюу толгой төслийн дараа орох хэмжээний томоохон хөрөнгө оруулалт болж байна. Алтанбулаг болон Цагааннуурын чөлөөт бүсийн менежментийг хувийн хэвшилд шилжүүлэх сонгон шалгаруулалтыг мөн эхлүүлээд байгаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хороо болон "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг уялдуулах замаар малчдыг нүүрстөрөгчийн зах зээлд оролцуулж, орлогыг нь нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Туршилтын хоршооны малчид бэлчээрээ зөв ашигласны үр дүнд улиралд гурван сая төгрөгийн орлоготой болсон. Энэхүү тогтолцоог цаашид "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан бүртгэлжүүлж, олон улсын зах зээлээс санхүүжилт авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Ерөнхий сайд хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа тохиолдолд Шадар сайдын хувьд хамт чөлөөлөгдөх нь улс төрийн соёлд нийцнэ гэж үзэж байна. Мөн өрөөгөө хүлээлгэж өгөөгүй гэх мэдээлэл худлаа, ажлаа зохих журмын дагуу хүлээлгэн өгч байгаа. 

ОХУ-ын талтай дизель түлшний үнийг тогтворжуулах хэлэлцээр хийх хүсэлт явуулсан байсан. Уг асуудлаар ОХУ-д очиж ажиллах ёстой байсан ч Засгийн газрын өөрчлөлтөөс болоод явж чадаагүй. Энэхүү хэлэлцээрийг амжилттай хийсэн бол хаврын тариалалт, бүтээн байгуулалтын үеэр шатахууны үнийн хүндрэлийг бага хохиролтой давах боломжтой байсан, дараагийн сайд үүнд онцгой анхаарах шаардлагатайг хэллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.