🔴 Ч.Номин: Миний зүгээс хууль бус зүйл хийгээгүй
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин салбарын бодлого, цаашид хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр ажлаа хүлээн авсны дараа хамгийн түрүүнд орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, хот хөдөөгийн "цахим зааг"-ийг арилгахад анхаарч ажиллана гэв. Сумдад өндөр хурдны интернэт нэвтрүүлснээр иргэд Улаанбаатар хотын оршин суугчидтай ижил түвшинд IP телевиз болон бусад онлайн үйлчилгээг авах боломж бүрдэхийг онцоллоо.
ЦХИХХ-ны сайд Ч.Номин:
Технологийн салбарын дараагийн том зорилт бол хиймэл оюун ухааныг (AI) зөвхөн хэрэглэгчийн түвшинд биш, үйлдвэрлэгчийн түвшинд хөгжүүлэх явдал. Үүний тулд Монгол хэлний том хэлний загварыг (LLM) бий болгох, дотоодын экосистемийг дэмжихэд анхаарна. Мөн Франц улстай хамтран хэрэгжүүлж буй хиймэл дагуулын төслийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа.
Мэдээлэл технологийн үндэсний парк (IT Park)-ийн өр төлбөр болон үйл ажиллагааны гацалт нь тус газар нь хувийн хэвшилтэй холбоотой маргаанаас үүдэж 700 гаруй сая төгрөгийн өртэй. Цаашид мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд стартап болон технологийн бизнес эрхлэгчдийг дэмжих "Хаб" болгон шинэчлэх шийдлийг яаралтай гаргахаар ажиллаж байна.
Хууль эрх зүйн орчны хувьд 16 хүртэлх насны хүүхдийг цахим сүлжээн дэх сөрөг нөлөөллөөс хамгаалах болон хиймэл оюун ухаантай холбоотой багц 6 хуулийн төсөл яригдаж байна. Үүнд хүний дүр төрх, оюуны өмчийг хиймэл оюун ухааны орчинд хэрхэн хамгаалах, иргэдийн цахим ур чадварыг (Digital Literacy) дээшлүүлэх асуудлыг цогцоор нь тусгахаар төлөвлөсөн.
"E-Mongolia" платформоор дамжуулан иргэдийн мэдээлэл алдагдсан гэх асуудал нь E-Mongolia бол мэдээлэл хадгалдаг сан биш, харин төрийн байгууллагуудын мэдээллийг иргэдэд дамжуулдаг гүүр буюу платформ юм. Тиймээс мэдээлэл алдагдах эрсдэл маш бага. Гэхдээ бид кибер аюулгүй байдлыг хангах, дотоодын дата төвүүдээ бэхжүүлэх нэгдсэн бодлого гаргах шаардлагатай.
АТГ-аас шалгагдаж байгаа гэх асуудлын тухайд, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласан төслийн хүрээнд шалгалт явж байгаа гэх мэдээлэл авсан ч одоогоор биечлэн мэдүүлэг өгөөгүй байгаа. "Миний зүгээс хууль бус зүйл хийгээгүй, ашиг сонирхлын зөрчилгүй. Монгол Улсаа дэлхийд сурталчлах ажлыг л хийсэн. Хэрэв шалгах шаардлагатай бол 100 хувь хамтран ажиллахад бэлэн" гэдгээ илэрхийллээ.
Мөн миний хувьд соёлын салбарт суурь шинэчлэл, хууль эрх зүйн орчин болон томоохон бүтээн байгуулалтуудыг (Чингис хааны музей, Төв номын сан г.м) амжилттай хийж гүйцэтгэсэн тул дараагийн хүндээ хүлээлгэн өгөх нь зөв гэж үзсэн. Хувийн хэвшил болон төрийн захиргааны байгууллагыг удирдаж байсан туршлагаа ашиглан, технологийн салбарт нөөцийн удирдлагыг оновчтой болгож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.