🔴 Ж.Золзаяа: "Өргөө" кино театр МТҮП-ийн дансыг битүүмжлүүлсэн

AI хөрвүүлсэн

Мэдээллийн технологийн үндэсний парк (IT Park)-ийн данс битүүмжлэгдэж, үйл ажиллагаа зогсоход хүрсэн талаар МТҮП-ийн захирал Ж.Золзаяа дараах мэдээллийг өглөө.

МТҮП-ийн захирал Ж.Золзаяа:

-Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) болон "Өргөө-2" кино театрын хооронд үүссэн маргаан эцэслэж, шүүхийн шийдвэр гарсан ч байгууллагын үйл ажиллагаа зогсох эрсдэлд ороод байна. Гурван шатны шүүхээс "Өргөө-2" кино театрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргасан бөгөөд нөгөө тал засвар үйлчилгээний зардалд 5.1 тэрбум төгрөг нэхэмжилснээс шүүх 791 сая төгрөгийг МТҮП-аас гаргуулахаар тогтоожээ.

Гэвч төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын статустай МТҮП-ын хувьд энэхүү төлбөрийг төлөх төсөв байхгүй, энэ оны төлөвлөгөөнд тусгагдаагүй. Үүний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас МТҮП-ийн дансыг өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн битүүмжилсэн. Үүссэн нөхцөл байдлын улмаас байгууллагын 44 ажилтан гуравдугаар сарын 6-наас хойш цалингаа авч чадаагүй бөгөөд тус байранд үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй байгууллагын 450 орчим хүний ажиллах орчин нөхцөл алдагдаад байна гэлээ.

МТҮП-ийн удирдлагуудын мэдээлж буйгаар, "Өргөө-2" кино театр байрыг хүлээлгэж өгөхдөө доторх засал чимэглэл, талбайг зориуд эвдэж сүйтгэсэн байна. Анх 2015 оны үнэлгээгээр 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээлгэн өгөх ёстой байсан ч бодит байдал дээр ердөө 630 сая төгрөгийн үнэлгээ бүхий эвдэрч сүйдсэн талбай хүлээж авчээ. Түүнчлэн тус кино театр нь 2012 оноос хойш хотын "А" зэрэглэлийн бүсэд зах зээлийн ханшаас хэт бага буюу метр квадратыг нь 6,000-9,000 төгрөгөөр түрээсэлж ирсэн нь салбарын хувьд алдагдсан боломж байсан юм.

Одоогоор МТҮП-ийн данс хаагдсанаар цахилгаан, дулаан, усны төлбөрөө төлж чадахгүйд хүрч, улмаар тус байранд байрладаг "E-Mongolia", Кибер аюулгүй байдлын зөвлөл зэрэг төрийн онцгой чухал объектуудын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байна. Хэрэв эрчим хүч тасарвал хоёр сая гаруй иргэнд үйлчилдэг төрийн цахим үйлчилгээний системүүд зогсох аюултай юм.

МТҮП-ийн зүгээс чөлөөлөгдсөн талбайд олон улсын жишигт нийцсэн Хиймэл оюун ухааны төв, хамтын оффис, судалгаа хөгжүүлэлтийн лаборатори байгуулахаар зураг төслөө гаргаад байгаа аж. Энэхүү төв байгуулагдсанаар сард 100 орчим сая төгрөгийн орлого олж, шүүхийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх боломжтой гэж үзэж байгаа ч данс битүүмжлэгдсэн нь ажлыг гацааж байна.

Шинээр томилогдсон салбарын сайд болон Засгийн газрын зүгээс энэхүү асуудалд анхаарал хандуулж, шуурхай арга хэмжээ авахаа илэрхийлжээ. Цаашид МТҮП-ийн статусыг өөрчилж, олон улсын жишгээр төрөөс дэмжлэг авдаг, өөрийгөө санхүүжүүлдэг хөрөнгө оруулалтын сантай "Парк" хэлбэрт шилжүүлэх нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтойг тус байгууллагын удирдлага онцолж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.