🔴 С.Амарсайхан: Бизнес эрхлэх эрх чөлөөг баталгаажуулж, хууль бус дарамтыг арилгахаар төлөвлөж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын шинэчлэл болон цаашид баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр тодорхой хэрэг маргаан ярихаас илүүтэй бодлогын түвшинд ажиллаж, хуулийн хэрэгжилтийг хангах, авлига, гүтгэлэгтэй тэмцэх чиглэлийг тодорхой болгохоо онцолсон юм. Иргэд хуулиас айдаг бус, хуулиа дээдэлдэг, хууль нь иргэнээ хамгаалдаг шударга тогтолцоог бүрдүүлэхийн төлөө холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллахаа мэдэгдлээ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:
-Шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд олон чухал хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна. Үүнд Хувийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Шүүх байгуулах тухай хууль болон Хүүхэд, гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх процессын хуулиуд багтаж байгаа юм. Мөн шүүхийг тойргийн болон бүсчилсэн журмаар байгуулах асуудлыг хэлэлцэж, шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх, үйл ажиллагааг нь цахимжуулах ажлыг эрчимжүүлсэн. Энэ нь мэдээлэл солилцоог шуурхай болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гардаг гацааг арилгах ач холбогдолтой.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн хүндрэлтэй үед бизнес эрхлэгчдэд ирж буй дарамтыг шат дараатай бууруулах шийдвэр гаргасан. Тухайлбал, шүүхийн шийдвэргүйгээр дансыг нь хаасан 12 мянган аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс эхлэн нээх үүргийг Ерөнхий сайд өгсөн. "Аж ахуйн нэгжийн банкны данс бол хувийн өмч. Шүүхийн шийдвэргүйгээр данс хааж, үйл ажиллагааг нь боомилдог татварын зүй бус үйлдлийг таслан зогсоох ёстой.
Цаашид Шүгэл үлээгчийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Худалдааны тухай хуулиудыг шинэчлэн батлуулснаар бизнес эрхлэх эрх чөлөөг баталгаажуулж, хууль бус дарамтыг арилгахаар төлөвлөж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.