🔴 Т.Аубакир: Шинэ Засгийн газар хамтын шийдвэрээр асуудлыг нээлттэй, шуурхай шийдвэрлэх зарчим баримтлан ажиллана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир салбарын хэмжээнд хэрэгжүүлэх томоохон шинэчлэлүүд болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр хүн ам зүйн бодлогыг эдийн засгийн хөшүүргээр дэмжих, тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг нийгмийн хүлээлт үүсгэсэн асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэхээ илэрхийлэв.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
Төрөлт жилээс жилд буурч байгаатай холбогдуулан хүн ам зүйн бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатай. Энэ хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэгийг орлогын албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан. Татварын хөнгөлөлтөөс шалтгаалж төсвийн орлого 206 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан тул Сангийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр хуулийн зарим заалтыг 2027 эсвэл 2028 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна.
Хүн амын өсөлт нь эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнөөдөр олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжихгүй бол 20 жилийн дараа ажиллах хүчний хомстол үүсэж, нийгмийн даатгалын сангийн ачаалал нэмэгдэн, улс орны эдийн засаг хүнд байдалд орох эрсдэлтэй юм.
Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан Дохионы хэлний тухай хуулийг батлах нь салбарын яамны нэгэн чухал зорилт болоод байна.
Нийгмийн хамгааллын салбарт хийгдэх өөр нэг томоохон ажил бол тэтгэврийн зөрүүг арилгах буюу итгэлцүүрийг шинэчлэх асуудал. Одоогийн байдлаар 130 мянга гаруй ахмад настан инфляц болон цалингийн өсөлттэй уялдаагүй, "шударга бус" тэтгэвэр авч байгаа. Энэхүү зөрүүг арилгахад 350 орчим тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд ирэх есдүгээр сард өргөн барих төсвийн тодотголд тусгахаар ажиллаж байна. Ирэх оны төсөвт инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэх зэрэгт нийт 1.7 их наяд төгрөгийн төсвийн ачаалал үүсэх төлөвтэй байна.
Засгийн газрын бүтэц, үйл ажиллагааны тухайд шинэ хамтарсан Засгийн газар улс төрийн талцал хуваагдлыг эцэслэж, төрийн ажлыг гацаагүй, шуурхай явуулах боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Мөн эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар хамтын шийдвэрээр асуудлыг нээлттэй, шуурхай шийдвэрлэх зарчим баримтлан ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.