🔴 Ш.Отгон-Өлзий: Нийслэлийн АН-ын төлөөлөгчид Х.Нямбаатар даргын өгсөн албан тушаалаас татгалзаж, сөрөг хүчний ажлаа хийх ёстой
Нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн сонгууль үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн АН-ын гишүүн Ш.Отгон-Өлзий намын нөхдөдөө хандан уриалга гаргаж, хотын удирдлагуудын "дарангуйлал"-ын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийллээ. Тэрбээр АН-ын олон гишүүн хотын даргын эсрэг хамтдаа жагсаж, тэмцэх саналтай байгааг онцлов.
Гэвч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд (НИТХ) Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Хотын дарга Х.Нямбаатар АН-ын төлөөлөгчдөд албан тушаал, ажил өгөх замаар тэдний дуу хоолойг боомилж, иргэдийн төлөөлөл болох эрхийг нь нууц хуйвалдааны замаар хязгаарлаж байна гэж тэрбээр үзэж байна.
Нийслэлийн намын хороонд сонгогдсон гишүүний хувьд би шаардлага тавьж байна. НИТХ-д сонгогдсон АН-ын төлөөлөгчид энэ хурлын дараа Х.Нямбаатар даргаас авсан бүх албан тушаал, ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй. Тэгээд бидэнтэй нэгдэж, иргэдийнхээ талд зогсон, хотын удирдлагуудын дарангуйллын эсрэг жинхэнэ сөрөг хүчний байр сууринаас тэмцэх ёстой хэмээн уриаллаа.
Тухайлбал, Баянзүрх дүүргээс нийслэлд сонгогдсон таван төлөөлөгч бүгд ямар нэгэн албан тушаалд томилогдсон байгааг тэрбээр дурдлаа. Тэдгээр төлөөлөгчид хотын түгжрэлийг бууруулах төслийн дэд дарга, Хөрөнгө оруулалтын газрын дэд дарга гэх мэт албан тушаал хашиж байгаа нь сөрөг хүчний хяналт тавих боломжийг үгүй хийж байгааг онцлов.
Иймд Нийслэлийн АН-ын гишүүний хувьд эдгээр томилгоог нэн даруй цуцалж, төлөөлөгчдийг улс төрийн зарчмаа баримтлан, иргэдийн итгэлийг хамгаалж ажиллахыг албан ёсоор шаардаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.