🔴 Б.Ган-Очир: "Миний хот-Дэлхийн хот" уриатайгаар Нийслэлийн АН-ын даргын сонгуульд оролцсон
Нийслэлийн Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Б.Ган-Очир өөрийн мөрийн хөтөлбөр болон намын шинэчлэлийн талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрээр энэ удаагийн сонгуульд "Бидний хот – Дэлхий хот" гэсэн уриа дэвшүүлэн оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хотыг дэлхийн 200 гаруй нийслэлийн жишигт хүргэх томоохон зорилт тавьжээ.
Б.Ган-Очир хэлэхдээ, дэлхийн бусад нийслэлүүд авлигагүй, түгжрэлгүй, аялал жуулчлалын тодорхой маршруттай, цэнгэг агаартай байхад манай нийслэлд эдгээр асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгааг шүүмжлэв. Тэрээр дэлхийн стандартыг Монголд авчирч, Улаанбаатар хотыг гаднын жуулчид болон иргэдийн хувьд яг л дэлхийн бусад хотууд шиг ойлгомжтой, тухтай орчинтой болгохын тулд намын зүгээс нээлттэй, цэгцтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус болсон гэж үзэж байна. Намын дотоод хагарал болон нэр дэвшигчийг тодруулах явцад гарсан алдаа дутагдлууд нь ялагдах шалтгаан болсон бөгөөд дараагийн удаа Нийслэлийн Ардчилсан нам зөвхөн шударга сонгуулийг шаардана гэлээ. Сонгуулийн нийт ачааллын 50 гаруй хувь нь нийслэл дээр ирдэг тул дүүргийн намын хороод болон шинээр сонгогдсон удирдлагууд манлайлалтай ажиллах ёстой гэлээ.
2017 оноос хойш Ардчилсан нам үндсэндээ хаалттай байсан бөгөөд сүүлийн 10 гаруй жил шат шатны намын хороодод шинэчлэл хийгдээгүй. Энэ хугацаанд залуу үеийнхэн намын үйл ажиллагаанаас гадуур үлдсэн тул одоо намын үүд хаалгыг нээж, шинэ эзэд болох залуучуудыг дэмжих цаг болсон гэж үзэж байна.
Саяхан болж өнгөрсөн дотоод сонгуулийн үр дүнд зарим гомдол, маргаан гарч байгаа ч үүнийг хяналтын хороо болон бусад бүтцээрээ дамжуулан, хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүйгээр нягт нямбай шийдвэрлэх ёстойг тэрээр онцоллоо. Б.Ган-Очир Нийслэлийн Ардчилсан намыг илүү нээлттэй, ардчилсан зарчимтай, дэлхийн жишигт нийцсэн бодлоготой улс төрийн хүчин болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.